Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн хэрэгт тодорхой ахиц гарахгүй байна

Эрх зүй

АТГ-ын олон нийтийн зөвлөл сар гаруйн өмнө УИХ, ЗГ-т хүсэлт хүргүүлжээ. Энэ хүсэлтдээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэргийг нийтэд ил тод нээлттэй шалгах асуудлыг тусгасан юм байна. Сар гаруйн хугацаа өнгөрч байхад Хөгжлийн банкны зээлийн хэрэг ямар шатанд явж байгаа нь тодорхойгүй, нөхцөл байдал бүрхэг байгаа учраас АТГ-ын олон нийтийн зөвлөл дахин дөрвөн хэсэг бүхий хүсэлт хүргүүллээ.

 

Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2.3 их наяд төгрөгийн зээл чанаргүй ангилалд шилжсэн. Энэ нь улсын төсвийн 15 орчим хувьтай тэнцэж үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна гэж АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс өмнө мэдээлсэн.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэгт холбогдсон иргэн аж ахуйн нэгжээс нийт 107.5 тэрбумын эргэн төлөлт хийгдснээс нэмэгдсэн зүйл байхгүй байгааг олон нийтийн зөвлөл шүүмжиллээ. Иймд Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөс дараах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүллээ. 

Хөгжлийн банкны зээлийн хэрэг нийтийн эрх ашиг, өмчийн эсрэг үйлс, ашиг сонирхлын зөрчлийн хамгийн тод жишээ болоод байгааг зөвлөлийн гишүүд шүүмжилж байна. Тиймээс холбогдогч этгээгүүд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэдгийг албаныхан онцоллоо. 

Хөгжлийн банкы зээлийн хэрэгт өнөөдрийн байдлаар нийт 73 зээлдэгчийг шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн. 100 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн ч их наядаар тоологдох зээлтэй харьцуулахад энэ нь бага дүн. Тиймээс хэргийг олон нийтэд ил тод нээлттэй шалгахыг төр засгийн удирдлагуудад өгсөн хүсэлтдээ дурьджээ.