НҮБ-ын энхийн зуучлал дор Йемений сөргөлдөгч талууд галаа зогсоохоор тохиролцлоо

Улс төр

Арабын хойгийн өмнөд хэсэгт байрлахЙемен улсад 2014 оноос хойш үргэлжилж байгаа иргэний дайныг зогсоох зорилгоор Саудын Арабын Эр Рияд хотноо энхийн асуудлаарх зөвлөлдөх уулзалт болж байгаа юм. 

Йемен болон Арабын цэргийн эвслийн хоорондын энхийн яриа хэлэлцээ 3-р сарын 30-аас 4-р сарын 7-ны хооронд үргэлжилж байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр Йемений сөргөлдөгч талууд галаа зогсоон, зэвсгээ буулгахаар зөвшөөрч, гал зогсоох хэлэлцээрийг 2 сарын хугацаатай мөрдөхөөр болжээ. 

Йемений засгийн газрын хүчнийхэн болон хуситын босогчид гал зогсоох тохиролцоонд хүрч, мусульманы ариун Рамадан сарын эхний өдөр буюу 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн галаа зогсоожээ. Сөргөлдөгч талуудын хоорондын яриа хэлэлцээрийн үеэр хүрсэн тохиролцооны талаар НҮБ-ын Йемений асуудал хариуцсан албаны хүн болох Ханс Грундберг мэдэгдсэн байна. Йемений сөргөлдөгч хүчнүүд гал зогсоох тохиролцоонд хүрснийг Америк, Франц болон бусад улс орнууд, мөн НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш дэмжсэн байна. Энхийн яриа хэлэлцээрийн дагуу Йеменд энхийг сахиулж байгаа Арабын цэргийн эвсэлд нэгдэгч улс орнууд Сана хотын олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг саадгүй явуулахад дэмжлэг үзүүлж, мөн Ходейдагийн боомтод нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэн нэвтрүүлэхийг зөвшөөрөх юм.

Йемений нийслэл Сана хотыг хяналтандаа байлгаж байгаа хуситын шиитын босогчдыг Иран улс дэмжиж байгаа бол Аден хотод төвлөрч байгаа засгийн газрын хүчнийг Саудын Араб тэргүүтэй Арабын улс орнуудын цэргийн эвсэл дэмжиж байна. Йеменд сүүлийн 8 жил үргэлжилсэн иргэний дайн тулааны улмаас энэ улсад хүмүүнлэгийн гамшиг нүүрлэж, 380 мянган хүн амь насаа алдсаны 150 мянга нь дайн тулааны талбарт үрэгджээ. НҮБ-ын мэдээллээр Йемений нийт хүн амын 80%-д нь хүмүүнлэгийн тусламж дэмжлэг шаардлагатай байна. Йемений дотоодын хямралын улмаас 4 сая гаруй хүн дотооддоо аюулгүй газар бараадан шилжилт хөдөлгөөн хийж, мөн гадагшаа дүрвэжээ. Йеменд 2014 оны 8-р сараас хойш энэ улсын засгийн газрын хүчин болоод хуситын босогчдын хооронд иргэний дайн тулаан, хямрал хүчирхийлэл үргэлжилж байгаа юм.