Түлш шатахууны үнэ өссөн нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлөө

Улс төр

Украины дайн зөвхөн Орос, Украин гэсэн хоёр улсад хамаатай биш, цаашлаад дэлхийн улс орнуудад үнэ өсөхөөс авхуулаад сөрөг үр дагавар ихтэй байна. Түлш шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь та бидний амьдралд ч нөлөөлж байгааг мэднэ. 

Дэлхийн улс орнуудад Украины дайнаас шалтгаалаад өлсгөлөн нүүрлэж, ядуурал нэмэгдэх нь тодорхой байгааг шинжээчид хэлж байгаа. Украины газар тариалан, үр бордоо, улаан буудайнаас хамааралтай Африкийн улс орнуудад хүнсний гачигдал үүсч байна. Сомали, Афганистан, Йемен гэх мэтчилэн ядуу буурай улс орнуудад нөхцөл байдал хүнд байгаа бол Барууны баян улс орнуудад ч үнийн өсөлт өдрөөс өдөрт гаарч байна. 

Тэгвэл Украины дайн, Оросын эсрэг хоригоос аль бүс нутаг, аль улс орон хамгийн ихээр өртөх вэ?Энэ асуултын хариуг НҮБ мөн өөрсдийн судалгаагаар хэлж байна. Ган гачиг их нүүрлэдэг Ойрхи Дорнод, Хойд Африкийн улс орнуудад Украины дайнаас улбаатай хүнсний гачигдал хамгийн ихээр нүүрлэхээр байна. Энэ бүс нутгийн улс орнууд хоол хүнснийхээ бараг 90%-ийг гаднаас импортолдог, тэр дундаа Орос, Украинаас маш их хамааралтай...

Мөн Турк, Египет, Энэтхэг, Тайланд, Гүрж, Армян, Өмнөд Африк, Ливан, тэр байтугай Шри Ланк улс ч Оросын Украины эсрэг явуулж байгаа дайнд өртөх нь тодорхой байна. Учир нь эдгээр улс орнууд Орос, Украинтай наймаа арилжаа хамгийн их хийдэг, аялал жуулчлалын салбар нь Оросуудаас хамааралтай, мөн цар тахлын улмаас эдийн засаг нь хүнд байдалд орсон орнууд юм.