3D хэвлэмэл технологи нь өвдөгний үе солих мэс засалд нээлт хийжээ

Технологи-360

БНХАУ цоо шинэ эмчилгээний 3D хэвлэмэл суулгацыг остео-артриттай өвчтөнүүдэд ашиглах болсон нь илүү сайн үр дүнгээ өгч байгаа талаар мэдээлжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд хятад иргэд спортоор их хичээллэх болсныг дагаад бие махбодид гэмтэл учруулах тохиолдол мөн нэмэгдсэн байна. Ахмад настнуудын дунд остео-артрит, ялангуяа өвдөгний үений үрэвсэл нь ихээхэн санаа зовоосон асуудал болсон байна. Бүр ноцтой тохиолдолд үе орлуулах мэс засал хийх шаардлагатай болдог. Харин одоо Хятадын эмч нар 3D хэвлэх технологи ашиглан өвдөгний үений протез, түүнд тохирсон мэс заслын багаж хэрэгслийг үйлдвэрлэж илүү сайн эмчилгээний төлөвлөгөө боловсруулжээ.

СИНХ Ю ЖЯКУО (БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН СПОРТЫН АНАГААХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ)

"3D хэвлэсэн суулгац нь өвдөгний үетэй маш сайн таарч, цус алдалтын эрсдэл багасдаг. Ясны зүсэлт хийсэн газраас цус гарах үед тухайн хэсгийг сайн боовол, цус гарахгүй. Цус алдалт бага байвал, өвдөлт багасна, хурдан эдгэрнэ гэсэн үг юм"

Уламжлалт мэс засалд өвдөгний үе солих нь туршлагатай мэс засалч, олон тооны багаж хэрэгсэл шаарддаг, мөн стандартчилсан хиймэл өвдөгний суулгац нь тэр бүр өвчтөнд тохирохгүй байж болно.

СИНХ Ю ЖЯКУО (БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН СПОРТЫН АНАГААХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ)

"Үе мөчний протезийн хамгийн том асуудал нь хэт стандартчилагдсан байдаг. Хүний үе мөчний үрэвсэл маш олон янз байдаг, хүн бүр өөр өөр царайтай, өөр өөр өвдөгний бүтэцтэй. Зүүн хөлний өвдөг нь хүртэл баруунаасаа өөр байдаг."

Мэс заслын шинэ төлөвлөгөөнд эхлээд өвчтөний мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ. Өвдөгний суулгац, багажийг мэс засал хийхээс өмнө тухайн хүнд тохирохоор бэлдэх боломжтой болсон. Үүний үр дүнд мэс заслын хугацааг хоёр дахин багасгаж болох гэнэ. Нээлт болсон энэхүү 3D хэвлэх технологи нь одоогоор өндөр нягтралтай хиймэл яс, элэгдэлд тэсвэртэй материал үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Удахгүй Хятадын бүх эмнэлэгт шинэ аргыг сурталчилж, илүү олон өвчтөн үр дүнг мэдрэх болно гэж хүрээлэнгийн захирал ярьжээ.