Эрх зүй

Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Эмээлт"-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 09-19 ХӨҮ улсын дугаартай, Мицувиши Пусо маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Ч.Отгонбаатарын ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох тарваганы 16 бодгалийн арьстай, түүхий мах, Баянхонгор, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 17-06 УБГ улсын дугаартай, Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн О.Батболдын ачаанаас 20 бодгаль тарваганы арьстай, түүхий махыг худалдан авч, тээвэрлэн явсан зөрчлүүдийг илрүүлжээ.

Дээрх зөрчлүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар зөрчил гаргагчид торгууль, нөхөн төлбөр оногдуулахаар заасан байдаг. Нөхөн төлбөр оногдуулахдаа Засгийн газраас тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг тарваганы толгой тутамд 2 дахин нэмэгдүүлж тооцдог болно.

 Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар