Эрх зүй

Гудамжинд төөрсөн бага насны хоёр хүүхдийг цагдаагийн байгууллага олжээ.  Учир нь өрх толгойлсон бүсгүй хүүхдүүдээ өөр хүнд даатгаад ажилдаа явсан хойгуур харгалзагч нь согтууруулах ундаа хэрэглэснээс хүүхдүүд гэрээсээ гарч төөрсөн байна.  Харанхуй гудамд харгалзах хүнгүй явсан хоёр болон таван настай хүүхдүүд одоо аюулгүй байгаа ч бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулахгүй бол гэмт хэргийн хохирогч болж болзошгүйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Эцэг эхийн хараа хяналт сулрах үед хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд ороход энүүхэнд байдагийг мэргэжилтнүүд сануулдаг. Энэ оны эхний 10 сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.9 хувиар буурсан байна. Насанд хүрээгүй хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болох хэрэг 20 хувиар буурчээ. Хэдийгээр тоон үзүүлэлт буурч байгаа ч хүүхдэд тавих анхаарал хяналтаа сулруулахгүй байх шаардлагатайг хоёр хоногийн өмнө болсон үйл явдал сэрэмжлүүлж байна. Гэрээсээ төөрсөн 5, 3 настай хоёр хүүхдийн эгчийг нь гудамжинд явсан согтуу хүн авч явахаар завдсаныг ойролцоо явж байсан зарим иргэд хамгаалан хууль хяналтын байгууллагын албан хаагчдад хүлээлгэн өгчээ. Цагдаа иртэл ойролцоох дэлгүүрийн ажилтан даарч, өлсөж цангасан хүүхдүүдэд халуун чацаргана уулгаж, идэх юм өгсөн байна.

Хүүхдүүдийг СБД-ийн цагдаагийн хэлтсийнхэн авч явсан байна. Гэрээсээ төөрсөн эгч дүүсийн ээж цагдаагийн хэлтэс рүү залгаж 2 хүүхэд алга боллоо гэх дуудлага өгснөөр хүүхдүүдийн асран хамгаалагчийг олжээ.

Энэ сарын 6-ны орой болсон хэргийг цагдаагийн байгууллага үргэлжүүлэн шалгаж байна. Хоёр хүүхдийн хувьд ээж нь ажилтай, гэр бүлийн нөхцөл байдал хэвийн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хүүхэд гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байдаг учраас хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сулруулахгүй байхыг хууль хяналтын байгууллагаас дахин санууллаа.