Эрх зүй

Шатахуун түгээх станцын ажилтанг буудан хөнөөж, дээрэмдсэн хэрэг таван жилийн өмнө гарч байсан. Мөн Замын-Үүд сумаас алга болсон Сэржмядаг охины хэрэг өнөөдрийг хүртэл эзэн холбогдогч нь олдоогүй хэвээр байна. Олны сэтгэлийг сэртхийлгэсэн эдгээр хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн байгууллага тасралтгүй мөрдөж байгааг өнөөдөр мэдээллээ. Монгол улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт буурсан хэдий ч малын хулгай, хүний амь насыг санаатайгаар хөнөөх хэрэг нэмэгдсэн байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон билээ. Охин алга болсныг ар гэр нь мэдсэн даруйдаа орон нутгийнхаа цагдаад өргөдөл гаргаж, тухайн өдрийн 18.00 цагаас хойш 200 гаруй хүн, цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлсэн самналт хийсэн боловч олоогүй. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй, цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа гэх мэдээллийг өнөөдөр өглөө. Түүнчлэн эзэн холбогдогч нь олдоогүй хэргүүдийг илрүүлэхээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэдгийг хэллээ.

2019 ОНД 930 ХҮН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛЖ, АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Улсын хэмжээнд бүртгэгдсэн хүнд гэмт хэргийг талаарх явц, шийдвэрлэгдсэн байдлын талаарх мэдээллийг өглөө. Тухайлбал, манай улс болон БНХАУ-ын иргэд бүлэглэн 2019 оны 10 дугаар сард 800 орчим Хятад иргэдийг Монгол улсад хууль бусаар нэвтрүүлж, бусдыг залилан, онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зэрэг мэдээллийг онцлон хүргэлээ.

2019 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 31524 гэмт хэргийн 47 орчим хувь нь далд нөхцөл байдалд үйлдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас өгсөн тоон мэдээллээс үзэхэд дийлэнх гэмт хэрэг шөнийн цагт буюу 22 цагаас үүрийн 06 цагийн хооронд үйлдэгддэг. Гэмт хэргийн гаралтыг гарагаар нь хөөж авч үзвэл 7 хоногийн Даваа гарагт үйлддэгдсэн гэмт хэргийн гаралт хамгийн их буюу 15.5 хувь байна.  Өнгөрсөн онд нийт гэмт хэргийн улмаас 930 хүн амь насаа алджээ.