Эрх зүй

 

Архангай аймгийн Цэнхэр, Хотонт, Төвшөрүүлэх, Өгийнуур, Батцэнгэл зэрэг сумдад мал хулгайлах гэмт хэрэг хамгийн их  гарч,  малчид багагүй хохирол амсаж байна. Тэр дундаа тус аймгийн Цэнхэр сумын “Буйлан”  гэх багийн малчид бод малаа хулгайд их алджээ.  Хагас жилийн хугацаанд зөвхөн хулгайд алдсан малаа тоолж үзэхэд 400 орчим бод мал байгааг нутгийн малчид хэлж байна.

Малчид малаа хариуллагаа маллагаа муутайгаас шалтгаалан хулгайд алдаад байгаа зүйл байхгүйг ч хэлж байна. Харуй бүрий болмогц л адуу үхрээ гэрийн хаяандаа авчирч хонуулаад өглөө үүрээр бэлчээрт нь гаргаж байна. Бод малыг ингэж хоньчилж маллаж байхад л алдаад байгаа тухайгаа ч ярьж байна. Энэ нутагт гарч байгаа малын хулгайн гэмт хэргийг холоос бүлэг хүмүүс ирээд үйлддэггүй. Хулгайч нар хаяандаа  буюу дотроо байдаг тухай ярьж байна. Орон нутгийн цагдаа прокурор гээд хуулийн байгууллага хатуу чанга, эрчимтэй ажиллавал малын  Цэнхэр суманд үүрлэсэн малын хулгайчдыг дарах боломж бий гэдгийг малчид хэллээ. Мөн малчдын хувьд их айдастай байна. Учир нь “олон зүйл ярьвал адуугаар чинь оролдоно шүү”  гэдэг яриаг ч нутгийн иргэдийн чихэнд малын хулгайчид хүргэжээ. Тиймээс тэд олон зүйл ярихаас татгалзаж, цөхрөнгөө барж байгаагаа л бидэнд хэллээ.

ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦААНД 400 ГАРУЙ БОД МАЛАА ХУЛГАЙД АЛДСАН

Адуу малаа хулгайд алдаж явсаар эцэстээ унах ч моргүй үлдсэн тохиолдол байна. Энэ бүхэн сүүлийн хэдэн жил үргэлжилжээ.

Нэгдүгээрт малын хулгайчид хүлээлгэх хуулийн хариуцлага сул,

Хоёрдугаарт сум, аймаг орон нутаг, тэр дундаа аймгийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллага хулгайчдад хэт зөөлөн хандаж ирсэн гэж малчид хэлж байна. Амжиргааны эх үүсвэр болсон малыг хулгайлчихаад ялаас мултарсан тохиолдол ч байна.

Тухайлбал Архангай аймгийн сум дундын шүүх 2019 онд малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон 35 хэргийг шүүхээр авч хэлэлцжээ. Ингэхдээ 7 хүнд  хорих ял оноож үлдсэн хүмүүст нь тэнсэн харгалзах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна. Ингээд хөнгөн ялаар шийтгүүлсэн этгээдүүд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолд ч байна. Нэг ёсондоо Архангай аймгийн хэдэн сумыг дамжсан орон нутгийн иргэд голдуу оролцоотой мал хулгайдаг бүлэглэл байна. Цагдаагийн байгууллага ганцхан хөдлөхөд л үүнийг дарчих боломж байна.