Эрх зүй

Малын хулгайчтай таарвал шууд буудна гэж аргаа баран ярих малчин Архангай аймгийн Цэнхэр суманд аж төрж байна. Түүнийг Монгол улсын алдарт уяач Дамдинсүрэн гэдэг. Алдарт уяачийн улс, бүсийн наадамд түрүүлж айрагдаж байсан хурдан хүлгүүдийг бүгдийг нь хулгай авчээ. Бэлчээр дээр нь төхөөрсөн байхтай ч таарсан байна. Гэтэл хулгайч нь олддоггүй, олдсон ч хэдхэн сарын дараа чөлөөтэй явж байдагийг ярилаа. Үнэхээр арга барагдсан тул малын хулгайчтай таарвал буудна гэдгээ алдарт уяач нуусангүй.

Ж.ДАМДИНСҮРЭН: ТӨРД ДАНСТАЙ ХУРДАН БУЯНГУУДЫГ МИНЬ ХҮРТЭЛ ХУЛГАЙЧ ТӨХӨӨРӨӨД АВААД ЯВСАН БАЙСАН

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат олон түмнээ жаахан Даймаа нэрээрээ алдаршсан Монгол Улсын алдарт уяач Ж.Дамдинсүрэн гуай адууны соёлоо нутгийн залуустаа дэлгэрүүлж, хурдан морио уралдуулан нутагтаа аж төрж байна. Хурдан буянаараа түмэн олноо баясгаж яваа тэрээр сүүлийн үед нэгэн зүйлд сэтгэл таагүй байх болжээ. Учир нь тэрээр сүүлийн хоёрхон сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 43 тооны адуугаа хулгайчид алджээ.

Малын хулгайч хүний аль хурдан, сайхныг шилээд аваад явдаг. Бусдыг өрөвдөх хайрлах сэтгэл байхгүй тухай тэрээр ярилаа. Монголын томоохон хурдан морьдын уралдаан Дүнжингарав уралдаанд хоёр ч удаа зургаагаар давхисан бор морь, мөн бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан 10 гаруй хурдан буянаа хулгайчид алджээ. Ингээд хурдан буянаа алдаад ирэхээр морио дээдэлдэг Монгол уяач хүн хулгайчийг буудчихья гэдэг сэтгэгдэл төрдөг тухай ч ярьж байна. Энэ бол хулгайчийн өмнө аргаа барсан малчин уяач хүний үг юм.

Маргааш уралдана гэж байсан хурдан морийг нь  ч төхөөрөөд аваад явсан тохиолдол Архангай аймгийн Цэнхэр суманд гарчээ. Мөн азаргаар нь адуугаа алдсан унач морьгүй үлдсэн олон тохиолдол Архангай аймгийн Цэнхэр суманд байна.