Эрх зүй

Манай улсад гарч байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилан дангаараа эзэлж байна. Энд гэрээгээр гадаад улсад зуучилна, виз гаргана, сүлжээ буюу санхүүгийн гурвалжин систем, сошиал орчин дахь хууран мэхлэлт зэрэг багтжээ. Залилангийн арга улам нарийсч, санаанд оромгүй байдлаар хийгдэж эхэлснийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.  

Статистик мэдээ сөхвөл, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэрэг 2017 онд 2996, 2018 онд 5372 бүртгэгдэж байсан бол өнгөрсөн жил 7821 болж өсчээ. Ялангуяа, пирамид тогтолцоо бүхий богино хугацаанд их мөнгөтэй болгох “сүлжээний” гэх тодотголтой бизнес, өндөр хүүтэй мөнгө зээлэх, виз гаргана, үл хөдлөх хөрөнгө “түрээслүүлэх”, “арилжих”, цахим хаягт нь нэвтэрч ойр дотны хүмүүсээс нь мөнгө зээлэх гэх зэргээр иргэдийг хохироох нь түгээмэл байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Иймд цагдаагийн гзраас ятгах тусам нягтал аяныг эхлүүлжээ. Аянд Монголбанк болон Монголын банкны холбоо хамтарч байгаа юм байна.

Гэтэл манай иргэд залилах гэмт хэргийн үйлдлийг мэддэггүйгээс болж богино хугацаанд мөнгө өсгөх боломжтой гэж итгэн, санхүүгээрээ хохирдог тохиолдол буурахгүй байгаа гэлээ. Залилах төрлийн гэмт хэргийг үйлдэгдэх явцад нь хяналт тавих боломж хомс. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг хоёр хүний, эсвэл хоёр байгууллагын харилцааны явцад үйлдэгддэг байна. Тиймээс тухайн иргэн аливаа мэдээллийг сайн нягталж байж хууртагдахгүй байх боломжтойг цагдаагийн багйууллагаас мэдээллээ. Хэн нэгэн танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессежээр харилцахгүй байхыг албаны хүмүүс анхаарууллаа.