Эрх зүй

Батхүү агсныг хэн нэгэн хөнөөж байгаа 13 секундын бичлэг байгааг талийгаачийн гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нь мэдэгдсэн. Энэ хүн магадгүй Улсын их хурлын нэр бүхий гишүүн байж болзошгүй гэдгийг ч онцолсон юм. Тэгвэл цагдаагийн байгууллага ийм бичлэг байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Харин ийм мэдээлэл байгаа гэж Батхүү агсны гэр бүлийнхнийг хууран мэхэлж 15 сая төгрөг авсан байж болзошгүй иргэнийг шалгаж эхэлжээ.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд амь насаа алдсан нь гадны нөлөөтэй гэж талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа юм. Өнгөрсөн удаа хийсэн хэвлэлийн бага хурлаар талийгаачийн ар гэрийнхэн болон хэргийн өмгөөлөгч Ж.Батхуяг хэргийн нууцыг задруулж, хуулиар хориглосон баримт мэдээллийг олон нийтэд ил болгосон гэж ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албанаас үзэж байна. Тиймээс хэргийн өмгөөлөгч Ж.Батхуягт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлсэн тухай албаныхан мэдээллээ.

Талийгаачийн ар гэрийнхний мэдээлж байгаагаар хэргийн үед хийсэн 13 секундын бичлэг бий, мөн нэр бүхий хүнээс мессеж ирсэн талаар мэдээллийнхээ үеэр дурьдаж байсан. Тэгвэл зурвас илгээсэн хүн нь хуурамч мэдээллээр талийгаачийн ар гэрийнхнийг шантаажилж 15 сая төгрөг авсан нь тогтоогджээ.

Г гэгч этгээд нь зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 гаруй сая төгрөгийг залилж авсан үйлдэлд нь холбогдуулж СБД-ийн Цагдаагийн газар шалгаж, хэргийг прокурорт хүргүүлжээ. Одоогийн байдлаар хэрэгт холбогдолтой 13 секундын бичлэг байгаа эсэх нь тогтоогдоогүй байгаа гэдгийг Мөрдөн байцаах албанаас мэдэгдлээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД