Эрх зүй

Бусдаас их хэмжээний авлига хээл хахууль авч түүнийгээ оймсныхоо түрүүнд нууж байгаад баригдсан МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр эхэлсэн. Түүнд оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж Улсын дээд шүүхээс үзээд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан юм.

Хэргийг эргэн сөхвөөс МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь болон орон байр, албан өрөө, биеэс нь нийт нэг тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авч байсан юм. Үүнд гэрээс нь 230 сая төгрөг, 152 мянган ам доллар, 77 мянган юанийг тус тус бэлнээр хураан авч байснаа баримтжуулан олонд бичлэг хэлбэрээр цацаж байсан юм. Бусдаас авсан авлигын мөнгөө оймсондоо нууж байгаад баригдсан түүний хэргийг 2019 оны 5 сарын 7-нд ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгийн торгууль ноогдуулсан юм. Мөн түүнтэй хамт баригдсан МХЕГ-ын бусад албан хаагчид болох Аззаяа, Элдэв-Очир, Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгөн орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт буруутгасан. Гэвч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байсан юм. Тэгвэл өчигдөр буюу 2 сарын 5-ны өдөр Улсын дээд шүүх хуралдаж, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ.

Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.