Эрх зүй

Манай улс хар тамхи дамжин өнгөрөгч орон байсан бол өнөөдөр хэрэглэгчийн тоонд хэдийн багтжээ. Дуучин, жүжигчин гээд урлаг соёлынхон үүнд ч нэр холбогдож эхэллээ. Тэгвэл Гаалийн ерөнхий газар улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис оруулахыг завдсан үйлдэл бүрийг нарийн хянаж байгааг онцоллоо. Өнгөрсөн жил гэхэд л 4.5 кг мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг оролджээ. Гаднаас ирэх илгээмж, нярай хүүхдийн хувцас хэрэглэл дунд хүртэл нуусан байсныг илрүүлсэн байна.

Гаалийн байгууллагаас 2018 онд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдлийг таслан зогсоож байжээ. Харин 2019 онд 11 холбогдогчтой 9 удаагийн үйлдлийг таслан зогсоож, 4.5 кг мансууруулах бодисыг хураан авч, хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэхдээ нярай хүүхдийн хувцас хэрэглэл, эд зүйлд нуух, хүүхэдтэй хамт оруулж ирэхээс эхлээд бусдын хаяг хувийн мэдээллийг ашиглаж илгээх тохиолдол их байдагийг албаны хүн мэдээлж байна.

4.5 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСНЫГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

Гаалийн байгууллага сүүлийн гурван жилд мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 31 үйлдлийг таслан зогсоожээ. Энэ нь цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд шалгасан 47 хэргийн 60 гаруй хувийг эзэлж байгаа юм байна. Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан гаалийн байгууллага хяналт шалгалтын багаж, хэрэгслээ сайжруулах ажлыг эрчүүлж байгаа гэлээ. АНУ, Их Британи, Израиль зэрэг улсад үйлдвэрлэгдсэн ямар ч төлөв байдалтай бодист зайнаас болон шууд дээж авалтаар шалгалт хийх хүчин чадалтай, өндөр мэдрэмжтэй тоног, төхөөрөмжүүдийг хилийн боомт бүхий гааалийн газар, хороодод байршуулсан байна.

ФЭЙСБҮҮК ШУУД