Эрх зүй

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2019 онд 13 тэрбум төгрөгт хүрчээ. Жил ирэх тусам өсч байгаа залилан ихэвчлэн цахим орчинд үйлдэгдэж байгаа учраас ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ аяныг санаачилсан. Тэгвэл гурван сарын хугацаанд хэрэгжсэн аяны үр дүнд залилангийн гэмт хэргийн тоо 15 хувиар буурчээ. 

Манай улсад залилангийн гэмт хэрэг арга хэрэгслээ илүү нарийсган үйлдэгдэх болсон. Ард иргэдийн итгэл, гэнэн байдлыг ашиглан утасны дугаар, И-мэйл хаягийг нь авч дансны мэдээллийг нь авах, цахим хаягаар нь дамжуулан ойр тойрных нь хүмүүсээс мөнгө авах зэрэг хэргүүд өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагад маш ихээр бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид ч олон бий. Тэгвэл энэ бүх гэмт үйлдлийг таслан зогсоох, ард иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс "Ятгах тусам нягтал" аяныг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. Нөлөөллийн аяны хүрээнд олон эерэг хандлага, үр нөлөө гарчээ.

Дээрх аяныг Төв банк, банкуудын холбоо хамтран зохион байгуулсан. Нэг удаа өрнөөд өнгөрөхгүй тус аяныг цаашид ч үргэлжлүүлэн ард иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг тасралтгүй хийхийг Монголбанкнаас хэлж байна. Иргэдийн хувьд ч санхүүтэй холбоотой асуулга, данстай холбоотой асуудал үүсэхэд тухайн банкнаас шууд лавлах зэрэг үр дүн гарсан байна.

Өнөөдөр аяныг хамтран зохион байгуулсан төрийн байгууллагууд үр дүнгээ тайлагналаа. "Ятгах тусам нягтал" аяны хүрээнд иргэдэд хэвлэмэл, цахим, видео, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах зэргээр олон төрлийн ухуулга, хуудас тараасан байна. Мөн цахим орчинд видео байдлаар бэтгэсэн мэдээллийг давтагдсан тоогоор сая гаруй хүн үзэж, дэмжжээ.