Эрх зүй

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд халдвар тархаахгүй байх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хөл хорио тогтоогоод байгаа юм. Иргэн бүр хариуцлагатай байх ёстой энэ үед дүрэм журам зөрчиж байгаа иргэдийг Зөрчлийн тухай хуульд заасан зарим заалтаар хариуцлага тооцож байгаа.

Үүнд, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн нэг дэх заалт, тус хуулийн 6.7 дугаар зүйлийн хоёр заалтыг үндэслэн зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцох юм байна. Зарим иргэд зориудаар худал мэдээлэл тарааж иргэдийг төөрөгдүүлэх, халдвар гарсан орноор аялсан ч худал мэдүүлэх зэрэг үйлдэл гаргаж байгаа юм. Эдгээр иргэдийг юуны өмнө эрүүл мэндийн байгууллага тусгаарлан 14 хоног хяналтанд байлгах юм. Ингээд хяналтын явцад тухайн иргэний биеийн байдал хэвийн, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд 14 хоногийн дараа зөрчлийн хэрэг нээн шалгаж хариуцлага тооцож байгааг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, хурандаа П. Эрдэнэбат мэдэгдлээ.