Эрх зүй

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хотын даргын захирамж гарсан. Үүнд олон нийтийг хамруулж үйл ажиллагаа явуулахыг хориглож, үзвэр үйлчилгээний газрын цагийн хуваарьт хязгаарлалт хийх зэргийг тусгасан юм. 

Тэгвэл уг захирамжийг зөрчиж шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газруудыг цагдаагийн байгууллага илрүүллээ. Гаднаасаа түгжээтэй мэтээр нуун далдалж хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан газруудын тухай мэдээллийг шөнийн сурвалжлагаар бэлтгэлээ.  

Өчигдөр шөнө Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газрыг илрүүллээ.

Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Мандуухай зочид буудлын баруун жигүүрт байрлах тоглоомын газар гаднаасаа түгжсэн байдалтай нууцаар үйл ажиллагаа явуулж байсан юм. Харилцаа холбоо зохицуулах хорооноос олгосон гэрчилгээний хугацааа сар гаруйн өмнө дууссан байжээ. Мөн энд Монгол улсын тамхины тухай хууль ч мөн зөрчигдөж байсан юм.

Цагдаагийн байгууллагаас нийслэлийн засаг даргын захирамж гарснаас хойш нийт 136 зөрчил илрүүлж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Цахим болон мөрийтэй тоглоомтой холбоотой 33 хэрэг зөрчил илрүүлжээ.