Эрх зүй

Хүнсний зах худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна. Хөл хорио тогтоосон ийм цаг үед үнээ нэмж, ашиг хонжоо олох гэсэн үйлдэл гаргавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдэгдээд байгаа юм. Хяналтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тавьж эхэлсэн. Иргэдээс үнэ хөөрөгдлөө гэдэг гомдол их ирж байгаа ч шалгалтын явцад ийм зөрчил өнөөдрийн байдлаар нэг ч илрээгүйг хэллээ. 

Манай улсад халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоосон даруйд иргэдийн дунд худал мэдээлэл тархаж, зах худалдааны төвүүд ч ачаалал авсан. Дээрх үйл явдлын эх үүсвэр нь зах худалдааны төв хаалаа, үнэ нэмэгдлээ гэсэн худал мэдээлэл байсан юм. Тиймээс ШӨХТГ-аас зарим зах худалдааны төвүүдэд ажилласан байна. Тэдний ажилласан газруудад махны үнэ тогтвортой, нөөц хангалттай, худалдан авалт ч багатай байжээ.

ШӨХТГ-ын иргэдийн санал авах утсаар дэлгүүрүүдийн үнэ нэмэгдлээ гэх гомдол санал ихээр ирэх болсон байна. Томоохон сүлжээ дэлгүүр болон зах худалдааны төвүүдэд үнэ харьцангуй тогтвортой байгааг хэлж байна. Тиймээс иргэдийг аль болох үнэ хэвийн байгаа дэлгүүрээс худалдан авалт хийхийг зөвлөлөө. Гэхдээ захууд байршил, байр зэргээсээ шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ ялгаатай байгааг албаныхан онцоллоо. Барааны үнээ шалтгаангүйгээр нэмсэн тохиолдлыг иргэд маргаашнаас эхлэн ШӨХТГ-ын үнэ төлбөргүй 115 дугаарт холбогдон мэдэгдэх боломжтой юм байна.