Эрх зүй

Коронавирусийн халдвар тархсан үед аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүний үнээ өсгөхгүй байж, ёс зүйтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг сануулсан. Харин Монголд олон жил ажилласан томд тооцогдох супермаркет, компаниуд үүнийг үл ойшоожээ. Номинтав трейд, Скай, Моннидер, MCS зэрэг компаниуд үгсэн хуйвалдаж өрсөлдөөний тухай хууль зөрчсөнийг тогтоожээ. Онцгой үед хууль зөрчсөн гэж үзсэн тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хариуцлага тооцохоор болсон байна.

“И МАРТ” ДЭЛГҮҮРТ 20 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б. Лхагваар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 3-р сарын 13-ны өдөр “И март” дэлгүүрт хяналт шалгалт хийжээ. Ингэхэд “И март” дэлгүүр 3-р сарын11-ний өдөр хонины махны үнийг нэг кг тутамд 1200-1350 төгрөгөөр, үхрийн махыг нэг кг тутамд 1300-1700 төгрөгөөр нэмсэн нь шалгалтаар тогтоогджээ. Иймд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан байна.

Мөн Эм-Си-Эс Кока Кола компани өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ундаа, ус болон импортоор оруулж ирдэг ундаа, жүүс зэргийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, Номинтав трейд ХХК, Скай хайпермаркет ХХК, Моннидер ХХК-уудын супермаркет, дэлгүүрээр ижил үнээр борлуулахаар харилцан тохиролцож гэрээ хийжээ. Ус, ундаа, жүүсийг гэрээнд заасан үнээс хямд үнээр борлуулахыг хориглож, хэрэв гэрээ зөрчвөл Эм Си Эс Кока Кола компаниас тухайн дэлгүүрт ус, ундаа, жүүсний нийлүүлэлтийг хязгаарлана гэж гэрээнд тусгасан байна. Иймд Эм Си Эс Кока Кола ХХК-нд 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдын оногдуулсан 1.2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.