Эрх зүй

Салхитын мөнгөний ордын эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хахууль авсан хэрэгт таван шүүгч нэр холбогдон хэрэг үүсгэсэн. Тэдний гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр өглөө эхэллээ. 1.1 тонн алт, 800 тонн цэвэр мөнгөний нөөцтэй энэ ордыг төр авахаас өмнө гадны иргэд булаацалдаж их хэмжээний мөнгөөр хууль хяналтын байгууллагыг авлигадсан гэж үзэж байгаа юм. 

Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Д.Цолмон, Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нарын 6 шүүгч “Салхитын мөнгөний орд”-ын лицензийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт буруутгагдсан. Эдгээр шүүгчдээс УДШ-ийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-д эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн 9 сард явснаас хойш Монголд ирээгүй. Түүний хэргийг тусгаарлан үлдсэн 5 шүүгчид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр зарлагдсан. Шүүх хурал нээлттэй болсон ч хэвлэлийнхнийг заланд оруулаагүй. Үүдэнд тавьсан дэлгэцээр шүүх хурлын хэсгээс харуулах үед шүүгчдийн өмгөөлөгч нар шүүх хуралдааныг хэд хэдэн шалтгааны улмаас хойшлуулах хүсэлт тавьлаа. 

Хээл хахуулийн хэрэгт холбогдсон шүүгч нар шүүх хуралд хэвлэл оролцуулахгүй байх санал гаргалаа

Ингээд шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч болон шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан хүслийг хүлээн авч хэлэлцээд шүүх хурлыг 04 сарын 13-ны 09 цаг хүртэл хйошлууллаа. Мөн Салхитын мөнгөний орд газрын маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх явцад Иргэн Мөнгөншагай, Жаргалан гэх мэтийн хүмүүс зуучилсан гэж үздэг. Тэднийг мөн дээрхи шүүгчидтэй хамт шүүж байна. Мөн хээл хахуулийн хэрэгт холбогдон шүүгдэж байгаа шүүгч нар шүүх хуралд хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулахгүй байх саналыг ч шүүх бүрэлдэхүүнд гаргаж байсан юм аа.