Эрх зүй

Улсын онцгой комиссын шуурхай штабаас иргэд аж ахуй нэгжүүдэд зарим зүйлсийг анхаарууллаа. Гаднаас иргэдээ авч ирэх ажилд танил талаа багтаах гэж оролдох, дарга цэргээр яриулах олон үйлдэл гарсныг бүгдийг нь таслан зогсоосон байна. Энэ бол ар өврийн хаалгаар хийдэг ажил биш гэдгийг штабын дарга хатуу анхаарууллаа. Мөн тусгаарлах байранд орсон иргэд зочид буудлын мэт үйлчилгээ хүсч, цонх тагтан дээрээ гарч шүлсээ хаях зэрэг тусгаарлах байрны дүрэм зөрчсөн асуудал үүсгэсэн. Энэ бүгдэд Улсын онцгой комисс хамгийн хатуу бөгөөд шийдвэртэй хариуцлага хүлээлгэнэ гэдгийг санууллаа.

Өнөөдрийн байдлаар манай улс 986 иргэнээ коронавирусын голомттой нутгаас  МИАТ компанийн  тусгай үүргийн нислэгээр авчраад байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн шөнө Туркийн Станбул  хотоос 252  иргэнээ авчран тусгаарласан. Гэтэл дээрхи тусгаарлагдсан 986 иргэдээс зарим иргэд нь санал гомдол мэдүүлж, зарим  тусгаарлалтад байгаа иргэд тусгаарлах байрны дүрэм журам ч зөрчсөн байна. Мөн дээрхи иргэд УОК-ын шуурхай штабт хандан эргэлт авах хүсэлт ихээр гаргажээ. Тиймээс УОК-ын шуурхай штабын шийдвэрээр тусгаарлалтад байгаа иргэдэд нэг удаагийн эргэлтийг оруулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Мөн тусгаарлалтад байгаа иргэдийн дэг журмыг хатуу сахиулахыг анхаарууллаа.

Хэдийгээр хорио цээр тогтоосон ч Улсын хилээр хүнсний бараа бүтээгдэхүүнийг өндөр ариутгал халдваргүйжилтийн доор нэвтрүүлж байгаа. Тухайлбал, өнөөдөр ОХУ-аас хүнсний бараа бүтээгдэхүүн  бусад тоног төхөөрөмж ачсан ачааны 23 автомашин Алтанубулагийн боомтоор хилээн нэвтрэн орж ирэх юм. Үүнийг УОК-ын шуурхай штабаас өндөр хамгаалалтад зохион байгуулж, Монгол жолооч нарыг нь тусгаарлаж, бусад жолооч нарыг хил давуулан буцаана гэлээ.

Өвчний аюул хүн бүрт ойрхон байгаа. Коронавирусын халдварт тархалт намжаагүй энэ үед иргэдийг ч сонор сэрэмжтэй, бас хариуцлагатай байхыг УОК-ын шуурхай штабаас анхааруулж байна.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ