Эрх зүй

Урин цаг ирж байгаа энэ үед коронавирусийн халдвар нэмэгдэх эрсдэл өндөр байна. Ялангуяа гудамж талбайд ил задгай хаясан шүлс, цэр, хог, бохир ус, нүхэн жорлон, тэнэмэл нохой зэргээс халдвар үүсэх эрсдэлтэй байгааг судлаачид хэлж байгаа. Тиймээс ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нохой муурыг устгах, зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар болоод явганаар ариутгал халдваргүйтгэл хийж байна.

 

НИЙСЛЭЛИЙН 114 ХОРООНЫ 158,940 НҮХЭН ЖОРЛОНГ АРИУТГАНА

Монгол улсад коронавируст халдварын 16 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Цаашид халдвар дотроосоо тархахгүй гэх баталгаа байхгүй. Иймд бид сонор сэрэмжтэй байж халдвар гарахаас урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ ч үүднээс мэргэжлийн байгууллагууд шат дараатай олон ажлыг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болоод гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгах, халдваргүйжүүлэх ажил юм. Уг ажлын нийслэлийн болон дүүргүүдийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн 9 дүүргийн 114 хорооны 158,940 нүхэн жорлонд ариутгал хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ жилийн хувьд дүүргийн засаг дарга нар төсвөө гарган ариутгалын ажлыг зохион байгуулж буй юм. Мөн муур, нохойноос халдвар гарах эрсдэл байгаа тул тэнэмэл амьтдыг устгах ажлыг эхлүүлжээ.

Машинаар ариутгах боломжгүй нарийн зам талбай, тоглоомын талбай, сүүдрэвч, бохирдол ихтэй булан, үерийн далан зэргийг тусгай зориулалтын моторт төхөөрөмжөөр явганаар ариутгаж байгаа гэлээ. Халдварын эрсдэл их байгаа энэ үед иргэд хариуцлагатай байж өөрсдийн нүхэн жорлонгоо хувиараа ариутгахыг зөвлөлөө.