Эрх зүй

Танхай дээрэм, архидан согтуурсантай холбоотой гэмт хэрэг буурсан ч цахим залилан байсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Худалдаа наймаа голдуу сошиал орчин руу шилжсэнийг ашиглан бусдыг мэхлэх арга улам нарийсч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Интернет эрчимтэй хөгжиж байгаа энэ үед иргэд цахим орчинд залилуулах тохиолдол их гарах болсон. Тодруулбал фэйсбүүк, инстаграммаар танилцаж уулзан хохирогч болох, онлайн дэлгүүрээс гоо сайхан, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн захиалан урьдчилгаа мөнгөө хийснээр залилуулах тохиолдол ихэссэн гэдгийг ЦЕГ-аас мэдэгдэж байна.

Интернет хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөж байна. Тэр ялангуяа ВотсАп, Снапчат, Инстаграмм, Фэйсбүүкийн хэрэглэгчид улам нэмэгдэх болсон. Монгол улсад бол фэйбүүк, инстаграммийн хэрэглээ маш өндөр гэж хэлж болохоор. Гэтэл зарим иргэд цахим орчинд өөрийн аюулгүй байдлыг хангалгүй бүртгэлтэй хаягаа нээлттэй орхих, нууц үгээ таахад боломжтой амархан тоогоор хийх зэргээр өөрсдөө эрсдэл бий болгож байна. Ингэснээр цахим халдлагад өртөх, залилуулах, нууц зураг, мэдээллээ алдах тохиолдол гарч байгааг онцоллоо.

Иймд ЦЕГ-аас иргэдийг цахим орчинд болгоомжтой байж фэйсбүүкээр хүнтэй танилцахгүй байх, нууц үгээ үсэг, тоо холилдсон байдлаар хийх зэрэгт анхаарах хэрэгтэйг санууллаа. Мөн таны ойр дотны хэн нэгэн фэйсбүүкээр мөнгө асуувал заавал гар утас руу нь залгаж баталгаажуулан асуухыг анхаарууллаа.