Эрх зүй

Приус маркийн автомашины зөөлөн янданг хулгайлдаг этгээдүүдийг цагдаагийн байгууллага саатуулсан байна. Голдуу шөнийн цагаар явж, яндан тайлж авдагаа мэдүүлжээ. Зөөлөн янданг их хэмжээгээр Хятад Улс руу гаргаж доторх шүүлтүүрийг нь салгаж авдаг байна. Өндөр үнэ хүрч байгаа янданг хулгайлдаг 32 этгээдийг он гарснаас хойш саатуулжээ.

Сүүлийн үед автомашины зөөлөн янданг хулгайлах гэмт хэрэг нилээдгүй бүртгэгдэх болсон. 2015 оноос хойш энэ төрлийн гэмт хэргийн 1200 санал гомдол цагдаагийн байгууллагад ирсэн байна. Харин өчигдөр Замын-Үүд-Эрээн чиглэлийн боомтоор 700 ширхэг зөөлөн янданг нууцаар хил гаргах гэж байсныг илрүүлсэн байна. Хэрэгт холбогдсон 2 этгээд нь авто засвар ажлуулдаг 30-40 насны залуучууд байжээ.

Зөөлөн янданг хууль бусаар Хятад руу гаргаж сэлгэн засварлаад шинэ гэж зардаг байна. Нэг янданг 150-200 мянган төгрөгөөр худалдан авдаг. Харин шинэ болгон засварлаад хэд дахин өндөр үнээр худалдаалдаг байна. Мөн сошиал орчинд зөөлөн яндан авна гэх зар их байдаг учир энэ төрлийн гэмт хэрэг ихсэхэд нөлөөлж буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэхүү хулгайн яндан нь Хятадаас орж ирэхдээ зарим нэг нь шүүлтүүргүй болж ирдэг байна. Ингэснээр автомашинаас ялгарч буй хорт бодисуудыг шүүж чадахгүй болохоос гадна моторыг гэмтээдэг гэдгийг онцоллоо. Энэ хэрэгт холбогдсон 2 этгээдийг Эрүүгийн хуульд зааснаар мөнгө угаах болон улсын хилээр хууль бусаар эд зүйл, бараа материал нэвтрүүлэхийг завдсан гэх зүйл ангиар шалгаж байгаа гэдгийг цагдаагийн албанаас мэдэгдлээ.