Эрх зүй

Таксины жолоочийг хөнөөж, айлын хашаанд нуусан гэмт хэргийн сэжигтнийг цагдаагийн байгууллага олж илрүүлээд байна. Улс орон даяар тав хоногийн турш эрэн сурвалжилж, онц аюултай гэмт хэрэгтэн гэдгийг анхааруулаад байсан юм. Сэжигтэнг тогтоосон, одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг онцоллоо.

5-р сарын 12-нд Баруун салаанд байрлах эзгүй хашаанаас бусдын гарт амиа алдсан байдалтай эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тодруулбал, БГД-ийн 7-р хороонд оршин суух хаягтай 54 настай Х нь 5-р сарын 11-ний өглөө 06:00 цагийн орчимд гэрээсээ өөрийн эзэмшлийн автомашинтай таксинд явахаар гарч, амиа алдсан байдалтай олджээ. Толгойн яс цөмөрч, гар болон хуруу нь хугарсан нь байсан нь тогтоогджээ. Таксины жолоочийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн хайж, энэ сарын 17-нд Архангай аймгаас баривчилсан байна.

Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэлээ. Дуудлага мэдээлэл 5-р сарын 15-нд 13 цагийн орчимд ирсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа дийлэнх шалтгаан нөхцөл архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэйгээс гадна хувийн таарамжгүй харилцаа, уур бухимдлаас үүдэж бусдын эрх чөлөө, амьд явах эрхэнд халдсан харамсалтай хэргүүд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.