Эрх зүй

Өнөөдөр өлзийт хороолол явах замд автозамын ноцтой осол гарлаа. Цемент ачсан том оврын автомашины тормос  ажиллагаагүй болж 10 гаруй автомашин, постын байгууламжийг мөргөн нураажээ. Иргэд пост нэвтрэхээр хүлээж, хөдөлгөөн удааширсан үед маш хүчтэй ирж мөргөснийг эргэн тойронд нь байсан хүмүүс харжээ. Азаар эрдэнэт хүний амь нас хохироогүй байна.

ХУД-ийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд байх замын шалган нэвтрүүлэх товчоонд зам тээврийн осол гарлаа. Тодруулбал, цемент ачиж явсан ачааны автомашин Айдасын даваа уруудах явцад тормос нь ажиллагаагүй болж улмаар хяналтаа алдан 13 автомашиныг мөргөсөн байна. Үүний зэрэгцээ замын шалган нэвтрүүлэх товчооны байрыг ч мөргөжээ. Гадаа халуун байсан учраас тухайн үед постны байранд хүн байгаагүй гэлээ. Ослын улмаас ачааны автомашин хоёр хэсэг болон хуваагдсан байсан юм. Кабин чиргүүлийн завсраар хавчуулагдсан жолоочийг эсэн мэнд гарган авсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар жолоочийн хөл хугарсан гэсэн юм. Өдрийн 13:25 минут орчимд гарсан тус хэрэгт дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдал, түргэн тусламжийн байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллалаа. Урьдчилсан байдлаар хоёр жолооч гэмтсэн гэдгийг ТЦА-наас мэдэгдлээ. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мөн хурдаа тохируулаагүйгээс өөрийн болоод бусдын эд хөрөнгийг хохироосон осол гарсныг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Бүр цаашлаад амь насаа ч алдах эрсдэл учирч болохыг албаныхан санууллаа. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой явахыг Замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.