Эрх зүй

Талийгаач А буюу реппер Orice амь насаа алджээ. Түүнийг хэсэг залуус бүлэглэн зодож, таван давхраас шидсэн гэдэг мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл талийгаачийг бусдын гарт амь насаа алдаагүй болохыг мэдээллээ. Хэргийг одоогоор шалгаж байгаа юм байна.

Хэрэг явдлыг тодруулбал, 7-р сарын 24-нд 17:13 цагт БГД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт өндрөөс хүн уналаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Өндрөөс унаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч өчигдөр нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэлээ. Гэхдээ цахим орчинд тархаад байгаа бусдад зодуулж, таван давхраас шидүүлсэн гэх мэдээлэл худал ташаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Ямар санаа, зорилготойгоор ийм худал мэдээлэл тараах болсныг ч мөн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа хэмээлээ.

Иймд иргэд, олон нийт аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, баталгаатай эх сурвалж, албаны хүнээс үнэн бодитой мэдээлэл авахыг хүслээ.