Эрх зүй

Түүнийг хар тамхины хэргээр саатуулан шалгахаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьжээ. Одоогоор ямар төрлийн хэр хэмжээтэй бодис байсныг цагдаагийн байгууллагаас нууцалж байна. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа юм. Өмнө нь дуучин Б.Амархүү танхайн хэрэгт холбогдож байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгож ялаас чөлөөлж байсан удаатай.

Харин түүний менежер Гандаваа эрүүгийн тусгай хуулийн 11,6-р зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 24 цагийн нийтэд тустай ажил хийх шийтгэлээр шийтгүүлж байсан юм. Энэ мэтчилэн урлаг соёл спортын нэр төртэй хүмүүс хар тамхины хэрэгт нэр холбогдох нь ихэслээ.  Ice top хамтлагийн Коби буюу Чулуунбаатар, дуучин Эгшиглэн буюу Болортуяа, Guys, А capella хамтлагийн дуучид гээд хар тамхинд холбогдсон хүмүүс цөөнгүй байна.  Залуус өсвөр үеийнхэнд үлгэр дууриалал болж урлаг соёлын боловсрол түгээж явдаг тэдний хувьд хэлэх үг хийх үйлдлээ хамгийн ихээр хянах учиртай.  Гэсэн хэдий ч энэ мэтчилэн хэргүүд буурахгүй гаарсаар байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсээр байна.  Манай улсад хар тамхитай холбоотой хэрэгт оногдуулдаг ял сул. Тэр дундаа олны танил эрхмүүд нэр холбогдсон ч дараа нь уран бүтээлээ туурвих , тоглолтоо хийх зэргээр сул чөлөөтэй болдог. Гэтэл олон улсад хар тамхины хэрэг өөрөө өндөр ялтай, хүнд гэмт хэрэгт тооцогддог нь нууц биш. Хятадад цаазаар авах насаар нь хорих хүртэл шийтгэх тогтолцоог хэрэгжүүлж байгаа бол бидний сайн мэдэх Өмнөд Солонгосчууд хар тамхитай холбогдсон алдартнуудаа уучилдаггүй.  Томоохон компаниуд гэрээгээ цуцалж, рекламны самбараасаа зургийг нь буулгах, уран бүтээлүүдийг нь цацахыг хориглох зэргээр цогц арга хэмжээ авдаг. Ингэснээр одуудын карьер унаж нийгэм, ард түмнээсээ уучлал гуйж буруу үлгэр дууриалал үзүүлснээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай улсад энэ тогтолцоо эсрэгээрээ шахуу байгаа нь нууц биш. Өнөөдөр нэр холбогдоод хэдхэн сарын дараа сул чөлөөтэй явж байдаг эрхмүүдээс жишээ авсан өсвөр насныхан ч хар тамхины хэрэглэгчид болсоор байна. Сүүлийн үед залуучууд хар тамхины төрлийн бодис хэрэглэх үүнийгээ ил цагаан цахимаар сурталчилах нь ихэссэн.  Шөнийн цэнгээний газарт гэнэтийн шалгалт хийхэд ч хар тамхи зарж борлуулж байсан, хэрэглэсэн залуус цөөнгүй илэрсэн хэрэг одоо ч шалгагдсаар байна.  Мөн гэртээ хар тамхи хэрэглэж байгаад хэтрүүлж хордлогод орж амиа алдсан хосуудын тухай мэдээлэл ч намжаагүй байна. Энэ мэтчилэн урлаг соёлынхноос улбаалсан хар тамхины хэргүүд гаарсаар байна.  Тиймээс олон нийтийг буруу үйлд уриалан дуудсан сурталчилсан тэднийг хуулийн дагуу шийтгэхээс гадна нийгмийн хариуцлага хүлээлгэдэг байх тогтолцоо хэрэгтэй байгааг хэлэх нь зүйтэй биз ээ.