Эрх зүй

10 гаруй хоногийн өмнө эмэгтэй хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг гарсан. Мөрдөгчид сэжигтнийг илрүүлэх ажлыг шуурхай эхлүүлж, улс орон даяар эрэн сурвалжилж эхлээд байсан юм. Тэгвэл эмэгтэйн амь насанд гурван хүн бүлэглэн халдсан байж болзошгүйг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ. Сэжигтнүүдийг Улаанбаатар хотоос дайчлан баривчилсан байна. 

2019 оны 9 сарын 14-ний өдөр уг хэрэг гарчээ. Сэлбэ гол дагуух бургасанд эмэгтэй хүний нүцгэн цогцос байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн байна. Хохирогч эмэгтэй тус хорооны оршин суугч болох нь тогтоогдсон байна.  Хэргийн газраас 40 кадр зураг авч эд мөрийн баримтаар архины шил нэг, гурван ширхэг пивоны лааз, цаасан аяга зэргийг хураан авчээ.  Талийгаачийн цогцос их хэмжээний шарх сорив, цус алдсан байдалтай олджээ.   Уг хэргийг Нийслэлийн онцгой байдлын газрынхан анх мэдээлж цагдаагийн байгууллагын эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шуурхай сурвалжлан шалгасны дүнд гэмт этгээдүүдийг хэрэг гарснаас дөрөв хоногийн дараа баривчилжээ.

Гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 10,1-р зүйл буюу хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн гэх зүйчлэлээр ял төлөвлөж болзошгүй. Гэхдээ хүний амь хөнөөсөн этгээдүүд өмнө нь хүчингийн хэргээр ял шийтгэл хүлээж байсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  Эмэгтэйчүүдийн биед халдах хүчирхийллийн хэргүүд ихэнхдээ гэрэлтүүлэггүй, харанхуй орц хонгил бүхий газар гардагийг цагдаагийн байгууллагаас аэнхааруулж байна. Тиймээс энэ төрлийн хэргийн хохирогч болохоос сэргийлж шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэгтэй орц гарцаар зорчихыг санууллаа.