Төгрөгөө үлдээе!

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудлын нэг байдаг. Иймд "Цаг" хөтөлбөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, үйл ажиллагааг олон нийтэд таниулан эх оронч худалдан авалтыг дэмжих зорилгоор “Төгрөгөө үлдээе” буланг цувралаар хүргэж байгаа. Өнөөдрийн дугаартаа Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн бойжигчдыг онцоллоо.

Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөр дамжуулан зах зээлд бойжин гарч байгаа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс танилцуулж байна. Үзэгч таны харж байгаа үйлдвэр эрхлэгч бол Б.Баттөр. Тэрээр анх хатгамал логоны үйлдвэрт ажиллаж байгаад өөрийн туршлага дээрээ үндэслэн хувиараа бизнес эрхэлж эхэлсэн байна. Бизнесээ эхлүүлэхдээ Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд хүсэлт гарган хөнгөлөлттэй ажлын байраар хангуулан, төрөл бүрийн сургалтанд хамрагдснаар хүчин чадлаа нэмэгдүүлэн үйл ажиллагаа нь өсөлттэй явж байгааг хэлж байна.

Цамын баг, бэлэг дурсгал урладаг тус төвийн бойжигч Б.Баярмөнх.  Тэрээр 2018 оны сүүлээс тус төвийн бойжигч болон хөнгөлөлттэй ажлын байраар хангуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдгээр бизнес эрхлэгчдийн хувьд олон нийтэд үйл ажиллагаагаа хүргэх, борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудлын нэг байдаг гэдгийг хэлж байлаа. Хэрэв эдгээр бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүсвэл Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд хандах боломжтой юм.