Ерөнхийлөгч

2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. Энгийнээр тайлбарлавал үзэгч та авч байгаа цалингийнхаа 12.5 хувийг улсад төлнө. Харин таньд ажил олгож буй байгууллага 13.5 хувийн шимтгэл төлөхөөр болж байна. Нийтдээ цалингийн 26 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх юм. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд Монгол улс ийм үүрэг хүлээж байгааг Сангийн сайд тайлбарлалаа. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд НДШ нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар бэлтгэж байгааг хэллээ.

Олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэрт ерөнхийлөгч хориг тавихаар шийджээ. Учир нь төрийн алдаатай бодлогоос үүдэлтэй хохирлыг нөхөхийн тулд ард түмэнд ачаа үүрүүлж болохгүй гэж үзэж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэллээ.

Харин Сангийн сайдын хувьд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх асуудалд ерөнхийлөгч хориг тавих боломжгүй гэлээ. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлэх хуулийг 2017 оны 4-р сард баталсан. Тэгэхээр хэрэгжээд 2 жилийн хугацаа өнгөрчихсөн хуулинд хориг тавих боломжгүйн дээр ОУВС-гийн хөтөлбөр зогсход хүрнэ гэлээ.

Ч.ХҮРЭЛБААТАР: ХЭРЭГЖЭЭД ХОЁР ЖИЛ БОЛЖ БАЙГАА ХУУЛИНД ХОРИГ ТАВИХ БОЛОМЖГҮЙ

2016 онд хасах үзүүлэлт рүү орсон манай улсын эдийн засаг 2017 оны эхээр дампуурах хэмжээнд хүрээд байсан. Дампуурлаа зарлахгүйн тулд ОУВС-гийн шаардлагыг биелүүлж тухайн үеийн засгийн газар хөтөлбөрт хамрагдсан байдаг. Уг нь бол нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой ч энэ шийдвэрээс үүсэх эрсдэл өндөр гэдгийг 2017 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат гишүүн санууллаа.

Өнөөдрийн нөхцөлд Ерөнхийлөгч хориг тавьж болохгүй мөн Монгол улс олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол багагүй хохирол амсах нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс иргэд аж ахуй нэгжүүдэд бодит дарамт болох нийгмийн даатгалын хувь нэмээд ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсны дараа буцаан бууруулах арга хэмжээ авах хэрэгтэйг зарим гишүүд хэлж байна.

Олон улсын валютын сан хамтран ажилладаг олон орны мөнгийг Монгол улсад зээлсэн. Хэрэв хөтөлбөрийг үл тоовол олон улс дахь Монгол улсын нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэлээ. Тиймээс ирэх 8-р сар хүртэл иргэд нэмэгдсэн шимтгэлээр төлөхөөс өөр аргагүй болоод байгаа юм.