С. Амарсайхан: Агаараас эрэн хайх, аврах ажиллагааг энэ сард эхлүүлж байгаа

Нийгэм

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 21 автомашиныг өнөөдөр хүлээн авлаа.

Энэхүү тусгай зориулалтын автомашин нь манай орны цаг агаарт тохирсон, -40 хэмээс +40 хэмд ажиллах боломж бүхий тоноглолтой аж. Мөн туулах чадвар сайтай, дөрвөн тонн ус, хөөс үүсгэгч 400 литр бодис агуулах боломжтой бөгөөд өөртөө агуулж буй усаа хоёр минутанд шахах насосоор тоноглогджээ. 

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Онцгой байдлын албаны чадавхыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн үеийн удирдлагын тогтолцоог сайжруулах хүрээнд хийгдэж буй энэхүү төслийн хүрээнд нийт 42 автомашин хүлээн авна. Өнөөдөр 21 автомашиныг авч байна. Эдгээр автомашин нь Франц улсын Рено үйлдвэрийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл юм. Агаараас эрэн хайх, аврах ажиллагааг агаараас хийх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар дөрвөн нисдэг тэрэг худалдан авсан. Эдгээрийг гамшиг ослын үед эмнэлгийн, цагдаагийн гэх зэрэг бүхий л зориулалтаар ашиглах боломжтой. Агаараас эрэн хайх, аврах ажиллагааг энэ сард албан ёсоор эхлүүлж байгаа. Нисдэг тэргүүдийн техникийн бэдэн байдал хангагдаж, нисгэгч нарыг мөн бэлдэж байгаа бөгөөд аравдугаар сарын дундаас эхлээд ажиллагаанд гарна" гэлээ. 

 

3-1.jpg