ОХУ-ын Ерөнхийлөгч 17 дахь удаагаа хэвлэлийн бага хурал хийлгүүллээ

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улиран одох гэж байгаа 2021 оны ажлаа дүгнэж цэгнэн, оны сүүлд уламжлал ёсоор хэвлэлийн бага хурал зарлан хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариуллаа. Путины улсынхаа төрийн эрхэнд суусан цагаас эхлэн уламжлал болгон явуулах болсон оны эцсийн нэгдсэн хэвлэлийн бага хурал нь энэ жил 17 дахь удаагаа болсон юм. 

Ийнхүү хэвлэлийнхэнтэй уулзахдаа Владимир Путин өнгөрсөн нэг жилийн ажлаа дүгнэж цэгнэн, хөндлөнгийн байр суурийг сонсч, хэвлэл мэдээллийнхэний асуултад хариулан, улс орны байр байдлын талаарх ерөнхий ойлголт, цаашдын бодлого чиглэлийг тодорхойлдог юм.

Хамгийн анх Путин ийм хэвлэлийн бага хурлаа 2001 онд явуулж, 500-аад сэтгүүлчдийг оролцуулан, хэвлэлийнхэнтэй цаг хагасын хугацаанд уулзаж байсан бол энэ удаагийнх 17 дахь удаагийн хэвлэлийн бага хурал байжээ.

Владимир Путин 4 цагийн хугацаанд нийтдээ 50 асуултад хариулт өгчээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд гадаад дотоодын 507 хэвлэл мэдээллийн ажилтан оролцжээ. Тэгвэл 2019 онд хамгийн олон буюу 1895 сэтгүүлч оролцож байсан юм.

Путин төрийн эрхэнд гарснаасаа хойш уламжлал болгон явуулах болсон хэвлэлийн бага хуралд тэрээр ихээхэн бэлтгэж, танхимд хуран цугласан улс орныхоо өнцөг булан бүрээс ирсэн, мөн гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг төлөөлж ирсэн сэтгүүлчдээс өөрөө нэр заан сонгож, түүнд тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулдаг юм.

Тиймээс Путинд асуулт тавих эрх олж, танхимд цугласан сэтгүүлчдээс ерөнхийлөгчийн анхааралд өртөхийн тулд хэвлэлийнхэн тод өнгийн хувцас өмсч, аль сонин, сэтгүүл, сайт, телевизийг төлөөлж байгаагаа харуулахын тулд нэрийг нь бичсэн пайз зүүх, өвөрмөц малгай, үндэсний хувцас, уриа лоозон зэргийг барьж анхаарлыг нь татахыг хичээдэг байна.