Улсын Их хурал

2018 оны эхнээс Эрүүл мэндийн даатгалын санг салбар яамны харъяанд шилжүүлсэн. Ингэснээр даатгалын сангийн зарцуулалт сайжирсан гэдгийг УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хүүгийн орлого төлөвлөсөн хэмжээнээс найман тэрбумаар нэмэгджээ. 

Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад шалгалт хийх ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж холбогдох  байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Эрүүл мэндийн даатгалын санг анх салбар яам руу шилжүүлэхэд 167 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол өнгөрсөн оны эцэс гэхэд 416 тэрбум төгрөг болжээ. Үүнээс үзэхэд даатгалын сангийн зарцуулалт сайнаас гадна салбар яамны харъяанд шилжүүлсэн нь зөв зүйтэй шийдвэр болсон гэдгийг гишүүд хэлж байна.

Манай улсад даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг аривжуулах, хуримтлал бий болгох хуулийн зохицуулалт гурав байдаг. Тодруулбал засгийн газар  бонд, төв банкны үнэт цаас худалдан авах эсвэл арилжааны банкинд хүүтэй байршуулах юм. Гэвч одоогийн нөхцөлд арилжааны банкинд байршуулахаас өөр боломжгүй байгаа тул иргэдийн төлж байгаа татварын мөнгийг  эрсдэлээс сэргийлэхийн тулд  зохистой хэрэгцээг хангасан банкуудыг сонгоход анхаарч байгааг хэлж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар  өндөр өртөгтэй тусламж авах иргэний даатгалын санд төлсөн мөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүн нь өөрт зарцуулагдах мөнгөө нэг удаа шилжүүлэх боломжтой. Харин өнөөдийн байдлаар нэг ч санал хүсэлт эрүүл мэндийн даатгалын газарт ирээгүй байна.  Гэхдээ зайлшгүй гадны улсыг зорих шаардлагатай иргэдэд улсын төсвөөс ердөө 500 сая төгрөг төсөвлөдөг гэлээ. Энэ нь хүрэлцдэггүй тул даатгалын эрсдэлийн санд хувиарладаг 30 тэрбум төгрөгөөс 10 тэрбумыг гадаадад эмчлүүлэх иргэдэд зарцуулдаг болох хуулийн зохицуулалт хэрэгтэй байгааг салбарын сайд онцолж байна.