Гаитид шинэ засгийн газар үүрэгт албандаа орлоо

Улс төр

Гаитид Ариэль Анри тэргүүтэй шинэ засгийн газар тангарагаа өргөн, үүрэгт албандаа орлоо. Гаитийн нийслэл Порт-о-Пренс хотноо шинэ засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол болж, ерөнхий сайд танхимаа тэргүүлжээ.

Гаитийн төрийн тэргүүн Жовенель Моиз энэ сарын 7-нд ерөнхийлөгчийн өргөө рүү халдлага болохоос 2 хоногийн өмнө Ариэль Анриг улсынхаа ерөнхий сайдаар сонгон томилоод байжээ. Энэхүү томилгооны дараа Анри шинэ албандаа орж амжаагүй байсан учраас ерөнхийлөгчийн өргөөнд болсон халдлагын дараагаар ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Клод Жозеф улсынхаа төрийн эрхийг түр тэргүүлэн улс орноо хүнд нөхцөл байдлаас гаргасан байна. Улмаар Ариэль Анри тангараг өргөн хууль ёсны засгийн газрын тэргүүн болж, үүрэг гүйцэтгэж байсан Клод Жозефыг орложээ. 

Гаитийн ерөнхий сайд Анри улс орондоо ирэх ерөнхийлөгчийн сонгууль хүртэл түр засгийн газар эмхлэн байгуулж, улс орноо тэргүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Гаитид энэ сарын 7-ны өдөр ерөнхийлөгчийн өргөө руу халдаж, улмаар энэ улсын төрийн тэргүүн Жовенель Моиз алагдсан юм. Халдлагыг гадны, тодруулбал Колумбийн 26, мөн Гаити гаралтай хоёр Америк хөлсний дайчдаас бүрдсэн баг үйлдсэн юм.