ОУОХ тусгай чуулганаараа чухал шийдвэрүүд гаргалаа

Үйл явдал

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилсэн ОУОХ-ны чуулганы үеэр олон чухал асуудал хэлэлцэн, олон чухал шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал Олимпийн өвөл, зуны наадамд багтдаг спортын төрлүүдийг шинэчилж, мөн 100 гаруй жилийн түүхтэй Олимпийн уриаг өөрчилсөн байна.

ОУОХ-ны 138 дахь удаагийн чуулганаар 100 гаруй жилийн түүхтэй Олимпийн уриа үгийг шинэчлэн өөрчилжээ. Дэлхийн хүн төрөлхтөнийг нэгтгэн зангиддаг Олимпийн их наадмын уриа өмнө нь “Хурднаас хурдан. Өндрөөс өндөр. Хүчтэйгээс хүчтэй” гэж байсан бол одоо энэ уриан дээр “ХАМТДАА” гэдэг үг нэмэгдэн “Хамтдаа -Хурднаас хурдан. Өндрөөс өндөр. Хүчтэйгээс хүчтэй” гэж өөрчлөгдсөн байна. Олимпийн наадмын анхны уриа үгийг орчин үеийн Олимпийн наадам буюу Олимпизмын хөдөлгөөнийг санаачлагч Пьер де Кубертен санаачлан, 1894 онд Олимпийн конгресс баталж, 1924 оноос дээрх уриа үгийг ашиглах болжээ.

ОУОХ-ны чуулганаар түүнчлэн 2026 оны Өвлийн Олимпийн наадмын хөтөлбөрт уулын цанын төрлийг багтаасан бол самбо болон өөр 5 төрлийн спортыг Олимпийн наадамд нэмж багтаахаар шийдвэрлэжээ. Өвлийн Олимпийн наадамд 2026 оноос эхлэн уулын цанын спортын төрлийг албан ёсоор нэмсэн байна. Спортын энэ төрлийг Өвлийн олимпод багтаахыг 2020 онд болсон Залуучуудын Олимпийн наадмаас санал болгоод байжээ. Түүнчлэн ОУОХ-ны шийдвэрээр самбо бөх болон лакросс, кикбокс, тайланд бокс, айсшток зэрэг спортын төрлийг Олимпийн төрөлд нэмэхээр шийдвэрлэсэн байна.