Улсын Их хурал

Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан. 

 

 

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр тусгажээ. Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 01-р сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгажээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслөөр өмнөх хуулийн алдаа, зөрчлийг зассан эсэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулсан талаар тодруулж байлаа. Мөн 26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйлах шалтгааныг тодруулахын зэрэгцээ 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хугацаа, техникийн боломж бий эсэхийг илүүтэй лавласан. Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуулийн хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг 25-аас доошгүй болгох, хэлэлцүүлгийн явцад тогтолцоотой холбоотой асуудлыг улс төрийн намууд сайн ярилцаж шийдвэрлэх, сонгуулийн санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

 

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.