Улсын Их хурал

Ирэх жил болох сонгуулиар маргаан, будлиан гаргахгүйн тулд одооноос бэлтгэх шаардлагатай гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Ялангуяа иргэдийн бүртгэл дээр онцгой анхаарахыг санууллаа. Дөрвөн жилийн өмнөх сонгуулиар "царцааны нүүдэл" гэж нэрлэсэн шилжилт хөдөлгөөн дэндүү их явагдсан. Гэтэл одоо ч зарим хаяган дээр 30-40 хүн бүртгэлтэй, эсвэл нэг хүн 10-20 өөр газар бүртгэлтэй байсаар байгаа юм. Тийм учраас энэ давхардлыг сонгуулиас өмнө бүгдийг нь арилгах шаардлагатайг онцолж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд цуврал хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн.  Тэгвэл өнөөдөр эхний хэлэлцүүлэг явагдаж, сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж байгаа асуудлыг хөндлөө. Сонгууль бүрээр гардаг маргааны нэг бол нэг хаяган дээр олон хүн бүртгүүлэх асуудал байдаг. Тухайлбал өмнөх сонгуулиар нэг хаяган дээр 40 хүн бүртгүүлсэн тохиолдол гарч байжээ. Иймд сонгууль бүрээр гардаг маргааныг  дахин гаргахгүй байх үүднээс ямар ажил зохион байгуулах талаар хэлэлцүүлэгт оролцогчид саналаа илэрхийллээ. 

Хаягийн бүртгэлийг алдаагүй явуулснаар сонгуулийн дүн зөв гарна. Үүнээс гадна төрийн үйлчилгээ иргэнд хүрхэд гардаг байсан зарим хүндрэл арилж, эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна гэсэн юм.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо дутмаг байдгаас үүднээс сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу  гаргахад хүндрэл гардаг байсан. Гэхдээ сонгуулиас өмнө энэ асуудлыг шийдэх боломж байгаа. Тиймээс хаягжуулалттай холбоотой ажлуудыг яаралтай хийхийг төрийн байгуулалтын байнгын хорооны дарга санууллаа.