Улсын Их хурал

Улсын их хурал хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөөр төлөвлөсөн. Гэвч байнгын хороодын ирц бүрдээгүй учраас хэлэлцүүлэг хийж амжаагүй байна. Энэ хуулиар авлига хээл хахуулийн томоохон хэргүүд хаагдаж, эрх мэдэлтнүүдэд ял завших боломж олгож байгааг нийгэм хатуу шүүмжилж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж амжаагүй хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг энэ долоо хоногт багтаахыг Улсын их хурал дахь Шинэ намын зөвлөлөөс шаардлаа.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийх ёстой байсан. Гэсэн ч гишүүдийн ирц хүрээгүй учир чуулган завсарласан юм. УИХ-ын чуулганаас гадна байнгын хорооны хурлаар тус хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр ирц хүрэхгүй байгаа. Гол шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож, хувьдаа хөрөнгө завшсан нэр бүхий эрхмүүдийг хамгаалахын тулд гишүүд тус хуулийг хэлэлцэх хүсэлгүй байна гэлээ.

Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр авлига албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүн дотор улсад их хэмжээний хохирол учруулсан хэд хэдэн гэмт хэрэг байгааг онцолж байсан юм. 

Хуулинд өөрчлөлт оруулснаар гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн зүйл заалт орсон. Ингэснээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор ял завших байдал гарахгүй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлсэн юм.