Photo credit: parliament.mn

Улсын Их хурал

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.  Энэ удаа  “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүдийг туурвисан Академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад хүртээлээ. Ж.Амарсанаа Академичнь Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртэж буй зургаа дахь эрдэмтэн боллоо.

Академич Ж.Амарсанаа нь үндсэн хуулийг боловсруулахад гар бие оролцсон. Үүнээс гадна Ардчилсан эрх зүйт ёс, Монгол улсын үндсэн хуулийн товчоон, Үндсэн хуулийн Эх баригч зэрэг томоохон бүтээлүүдийг туурвисан. Эдгээр бүтээл нь олон нийтэд хүрч, үндсэн хуулийн гол ач холбогдлыг таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн учир түүнийг ийнхүү Үндсэн хуулийн эхийг баригч, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналаар  шагнаж байна гэдгийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон юм.

Өмнө нь энэхүү нэр хүндтэй шагналаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол улсын гавъяат хуульч И.Дашням, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Академич Х.Нарангэрэл, хууль ухааны доктор Х.Сэлэнгэ нар шагнагдаж байсан юм.