Улсын Их хурал

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Франц Улсын Пома компанитай хамтран дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын засгийн газраас санхүүжүүлэхээр болж зээлийн хэлэлцээрийг Засгийн газраас УИХ-д танилцуулсан. Өчигдөр үдээс хойш УИХ-ын холбогдох байнгын хороод хэлэлцэн дэмжлээ.

Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг өнгөрсөн оны 4 р сараас эхлүүлсэн. Улмаар төслийг Франц Улсын засгийн газар санхүүжүүлэхээр болж 40 жилийн хугацаатай 60 сая ам долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Үндсэн төлбөрөөс эхний 12 жилийн хугацаанд чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй уг зээлийн зарцуулалтыг зөвхөн агаарын дүүжин тээвэрт заруулахаар төлөвлөсөн байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой байхаар төлөвлөжээ.

Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн гэдгийг ажлын хэсэг онцолж байлаа. Санхүүгийн хэлэлцээрийг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хороо, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор хэлэлцэн дэмжлээ

.