Улсын Их хурал

Энэ удаагийн Улсын их хурлын сонгуульд цахим орчинг ашиглах зохицуулалтыг хуульчилж өгсөн. Нам эвсэл, нэр дэвшигч өөрийн гэсэн албан ёсны нэг хуудсаар мэдээлэл хүргэх юм. Харин нууц хаяг нээж, бусдыг доромжлон гутаах зэрэг асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо давхар хянахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар ийм зөрчилтэй 30 гаруй пэйж хуудсыг илрүүлжээ.

11 хоногийн дараа УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажил эхэлнэ. Цар тахал гарсан байгаа энэ үед иргэдтэй уулзалт хийх, олон нийтийн хурал цуглаан зохион байгуулах зэрэг нь хориотой байгаа. Иймд цахим сүлжээ буюу сошиал орчинд сонгуулийн тухай зарлал, мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгаа. Гэвч ингэж цахим орчинд мэдээлэл түгээх нь хуулийн заалттайг анхааруулж байна. Тодруулбал, сонгуулийн тухай хуулийн 47-р зүйлд сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах тухай тодорхой зааж өгсөн байдаг. Энэ хуулийн заалтыг болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын талаарх зөвлөмжийг дагаж мөрдөнө гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдэгдлээ.

Цахим хуудасны хувьд Сонгуулийн тухай хуулийн 47.1-д заасны дагуу 3 хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно. Тодруулбал нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийнх нь албан ёсны цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас тус бүр нэгийг хуульд заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авснаас хойш 3 хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх учиртай гэдгийг хэлж байна. Энэхүү албан ёсны бүртгэлтэй хаягаараа дамжуулан мэдээлэл, сурталчилгаагаа 6 сарын 2-ноос эхлэн түгээх боломжтой гэлээ. Мөн хуурамч цахим хуудас ашиглах,түүгээр сурталчилгаа, пи-ар явуулах хориотойг онцоллоо.

Сонгуулийн сурталчилгааг явуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл, нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа зэргийг олон нийтэд ойлгомжтой, ил тод харагдахуйц байдлаар нийтлэх учиртай гэдгийг хэлж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хууль бус сурталчилгааг нэвтрүүлэхгүй байх талаар анхаарч ажиллаж буйгаа онцоллоо.