Улсын Их хурал

Манай улс сүүлийн 30-аад жил парламентын тогтолцоогоор явсан ч засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого тогтворгүй явж ирсэн. Энэ нь улсын хөгжлөөс хойш татах гол шалтгаан болсныг судлаачид онцолж  тогтолцоог шинэчлэхийн тулд эцэг хуулиа өөрчлөх шийдэлд хүргэсэн юм. Тэгвэл сонгодог парламентаар 72 жил явсан Япон улсад гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллаж эсрэгээрээ парламентын насжилт богиносжээ.

Хэдийгээр тус улсад парламент нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан ганцхан тохиолдол байдаг ч ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлэх болоод бусад эрх мэдэлтэй байснаар засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулж ирсэн байна.

Засгийн газар тогтвортой ажиллаж ирсний үр дүн нь тус улсын өнөөгийн  хөгжлөөс харагдаж байгаа юм. Харин Япон улс ирэх 11 р сард болох ээлжит сонгуультайгаа зэрэгцэн парламентын насжилт болоод бусад асуудлаа шийдэх үүднээс үндсэн хуулиа анх удаа өөрчлөхөөр болжээ. Тиймээс манай улс ч эцэг хуулийн өөрчлөлтийг хийхээр ард нийтийн санал асуулгыг явуулах гэж байгаа энэ үед хоёр орны парламентын бүлгийн айлчлал өндөр ач холбогдолтой болсон юм.

ЗАЛУУ ГИШҮҮД БОЛОН ТЭДНИЙ ТУСЛАХУУДЫГ ЯПОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ЁС ЗҮЙД СУРГАНА

Манай улстөрчид парламентын ээлжит сонгуулиар өөрийгөө өндөрт өргөж,  өөлөх аргагүй нэгэн гэж иргэдэд ойлгуулдаг. Гэвч УИХ-ын гишүүн болж төр түшилцээд эхлэхээр элдэв хэрэгт хутгалдаж хуулиа гууль болгодог нь тэдэнд ёс зүй гэдэг зүйл ус агаар шиг хэрэгтэйг харуулдаг билээ.  Тэгвэл парламентын  тогтолцоонд шилжээд 72 жил болж байгаа Япон улсын парламентчид эмэгтэй хүн рүү удаан харсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, аав болохын тулд сарын чөлөө авч ажлаа цалгардуулсан, олон нийтэд буруу мэдээлэл өгсөн зэргээр нэг л удаа алдаа гаргавал ёс зүйн хариуцлага хүлээн огцордог жишгийг тогтоожээ. Тиймээс энгийн иргэдээс эхлээд эзэн хаан, парламентын гишүүд нь хүртэл хуулиас гаждаггүй япон улсын ёс зүйд УИХ-ын залуу гишүүд болоод тэдний туслахуудыг сургах ажлыг эхлүүлэхээр болсон юм.

Сонгуулийн түвшинд зохион байгуулах ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтад нь явуулж парламент хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн олонхи үзэж байгаа. Тиймээс улс орны тулгуур болсон эцэг хуулийг өөрчлөх энэ цаг үед олон жилийн туршлага өндөр ёс зүйтэй Япон улсын парламентаас судлах зүйл их байгаа юм. Энэ удаагийн айлчлалаар хөндсөн бас нэг чухал зүйл нь уул уурхай, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах хэд хэдэн  чухал асуудлыг хэлэлцэж гэрээ байгууллаа.

УС, МОД АШИГЛАХГҮЙ ЦААС, ПЛАСТИК ЭДЛЭЛИЙГ ШОХОЙН ЧУЛУУГААР ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарт техник тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлыг хөндөхөөс гадна манай улсад хамгийн элбэг шохойн чулуугаар цаас болон пластик эдлэл хуванцар хийх технологийг нэвтрүүлэхээр болсон юм. Тус технологийн гол давуу тал нь ус болоод мод огт ашиглахгүйн дээр  шохойн чулуугаар хийж байгаа тул хаягдал болсон ч байгальд шингэх давуу талтай. Байгальд хамгийн ээлтэй тус технологийг Монголд нэвтрүүлэх Лаймекс компани нь өнгөрсөн зургадугаар сард болсон их хорийн уулзалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан Дэлхийд танигдах компани юм. Тус компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хаягдлыг дахин ашиглах үүднээс хоолны меню хийсэн пластик материалаар аяга, утасны кэйс зэргийг ч үйлдвэрлэдэг байна. 

ИРЭХ ЖИЛҮҮДЭД ТӨЛӨГДӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМООХОН ӨРИЙГ ГАДНЫ САНХҮҮЖИЛТЭЭР БОСГОНО    

Үүнээс гадна манай улсад зэс баяжуулах үйлдвэрийг байгуулах боломжтойг Японы талаас хэлж тооцоо судалгаагаа  нарийн гаргаж өгөх хэрэгтэйг онцолсон юм. Мөн манай улсад элбэг хар алт буюу коксжих нүүрсийг Япон улс худалдан авах боломжтой гэлээ. Учир нь тус улс коксжих нүүрсийг Индонез болон Австрали улсаас өндөр үнээр авдаг тул тээврийн болоод бусад зардлаа тооцон Монгол улс ямар үнээр борлуулах тооцоогоо гаргахыг зөвлөсөн юм. Токио хотноо болсон Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форумд 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, монголд хөрөнгө оруулах боломж, хамтран ажиллах талаар зөвлөлдөв.

Айлчлалын хүрээнд  уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах болоод парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх хоёр гол чиглэлд хэлэлцээр хийгдэхээс гадна УИХ-ын гишүүн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болоод бусад албаны хүмүүс Токио хотын захирагчтай уулзсан юм. Учир нь улсын нийслэлд хүн амын дийлэнх нь суурьшиж байгаа энэ цаг үед агаарын бохирдол, хот төлөвлөлт түгжрэл гээд шийдэх олон асуудал байгааг хэлсэн юм. Тиймээс энэ асуудлуудыг шийдэхэд цаашид олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлд анхаарахаа Токёо хотын захирагч хэлсэн юм

УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн айлчлалын хүрээнд уул уурхай эдийн засгийн чиглэлд хамтран ажиллах олон асуудлыг хэлэлцэхээс гадна ирэх онд болох Токио 2020 олимпын үеэр Монголиан Хаус арга хэмжээг Япон улсын элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаагаа тэлсэн ч гадаад худалдааны тэнцэл харилцан адилгүй байна. Хоёр улсын хооронд хийгдсэн худалдаа эргэлт 600 сая орчим ам долларт хүрсэн ч үүний 500 гаруй сая доллар нь манай улсаас байгааг хэлж байна. Тиймээс цаашид худалдааны тэнцлийг хангахад талууд онцгой анхаарахаар болсон юм.