Улсын Их хурал

Парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүн, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр хуульчид хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр гол заалтууд унасан хэдий ч засаглалын тогтвортой байдлыг хангах чиглэлд ахиц гарсныг онцолсон. Мөн энэхүү өөрчлөлтийг хийж чадахгүй бол парламентын тогтолцоог бэхжүүлэх асуудал орхигдоно гэдгийг хэлж байсан юм.

Энэхүү хэлэлцүүлгээр яригдсан бас нэг гол асуудал бол ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит сонгуультай хамтад нь явуулах тухай байлаа. Хуульчдын зүгээс хамтад нь явуулах нь буруу гэсэн юм. Учир нь Үндсэн хуульд тусгагдсан зарим зүйл заалт сонгуулийн үеэр өрнөдөг сөрөг мэдээлэлд бүдгэрнэ. Мөн иргэд үндсэн хуулийн талаар мэдээлэл багатай байна. Тиймээс хамтад нь явуулж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.