Засгийн газар

120 мянган хүн амтай Эрдэнэт хотын ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөлийн ажилтай салбарын сайд танилцлаа. Тус өргөтгөлийн барилгын ажил өнгөрөн гуравдугаар сараас эхэлж, өнгөрсөн наймдугаар сард газар шорооны ажил хийгдэж эхэлжээ.

Одоогоор Турбингенератор 4-ийн суурийн цутгалт болон хөргөх цамхагийн суурийн цутгалт хийгдэж байгааг ЭДЦС-ын гүйцэтгэх захирал танилцууллаа. 35МВт-ын өргөтгөл 2020 оын наймдугаар сард дуусч турбингенератороо ашиглалтад өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг ч салбарын сайд хэлж байна.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” нь одоо байгаа долоон зуухыг ашиглан зуух нэмж барихгүйгээр 35МВт-ын турбингенераторыг суурилуулах юм байна. Ингэснээр нэг МВт эрчим хүчийг 4,2 тн уураар үйлдвэрлэх боломжтой болох нь. Ингэж шинэчлэл хийснээр станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх, цахилгааны өөрийн өртгийг 65,04 төгрөгөөр бууруулах боломжтой гэж албаныхан харж байна. Мөн хими ус цэвэрлэгээний хоцрогдсон тоног төхөөрөмж орчин үеийн евро-стандартын тоног төхөөрөмжүүдээр шинэчлэгдэх боломжтой гэж байна. Өргөтгөл ашиглалтад орсноор Эрдэнэтийн дулааны цахилгаан станц нь 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авдаг, 3-4 МВт-ын нөөц чадалтай дулааны цахилгаан станц болох юм байна.