Засгийн газар

Ирэх оны улсын төсөвт  Хэнтий аймагт хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт суулгасан нь шүүмжлэл дагуулж байгаа. Харин энэ нь бүтээн байгуулалттай холбоотойгоос гадна АХБ-ны санхүүжилтээр хэрэгжих төслүүд байгаа тул асуудалд бодитоор хандаж улс төржүүлэхгүй байх хэрэгтэйг ЗГХЭГ-ын дарга хэллээ. Мөн Архангай аймгийн оюутны дотуур байр барихаар 3 тэрбумыг суулгасан нь анхаарал татаж байгаа. Энэ асуудлыг салбарын сайдаас тодрууллаа.

Манай улс ирэх онд түүхэндээ хамгийн өндөр буюу 2 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасан. Хөрөнгө оруулалтын хэмжээг аймгуудад хэрхэн хувиарласныг нарийвчлан авч үзвэл Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 131 тэрбум 904 сая төгрөг хувиарлагдсан нь шүүмжлэл дагуулсан юм. Энэ асуудлыг цахим орчин зарим мэдээллийн хэрэгслээр улстөржүүлэх өнгө аяс илэрч байгаа ч тус аймгийг аялал жуулчлалын бүс болгон зарлаж томоохон бүтээн байгуулалтууд хийхтэй холбоотой гэдгийг сангийн сайд тайлбарласан. харин засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асуудлыг том зургаар харж эхэлж байгаа төслүүдтэй холбоотой сөрөг мэдээлэл тараах хэрэггүй гэлээ.

Үүнээс гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өөрийн төрсөн тосгондоо 27.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан гэж шүүмжлэл хөвөрч байгаа. Энэ нь тус тосгоны дулааны станц хөлдөх гэж байгаатай холбоотой станцыг сайжруулах хөрөнгө оруулалт гэлээ. Ирэх оны төсөвт анхаарал татсан бас нэг төсөл нь оюутны дотуур байр нийслэлд барихад гурван тэрбумыг тусгасан байгаа юм. Энэ асуудлаар салбарын сайдаас тодрууллаа.

Хүн амын хэрэгцээ шаардлагад үндэслэн ирэх оны төсвийг боловсруулахдаа бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийг түлхүү тусгах нь зүйтэй гэж засгийн газар үзсэн. Тиймдээ ч Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарлаж томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс гадна нийслэл хотод Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Үндэсний урлагийн их театр зэрэг томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг тусгаад байгаа юм.