Засгийн газар

Өнөөдөр сошиал орчинд төрийн өндөр албан тушаалтнууд ах дүү нараа гадаад улсад суух консул болголоо гэдэг мэдээлэл тархсан. Иргэдийн дургүйцлийг хүргэсэн энэ мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Цогтбаатар тодруулга авлаа. Эх орноо төлөөлөн суух иргэдийн боловсрол, мэргэжлийн дипломатуудыг сонгодог. Энэ шаардлагыг хангасан хэн ч томилогдох боломжтой гэдгийг онцоллоо.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дөрвөн улсад суух консулыг томиллоо. Гэвч тус дөрвөн эрхмийн хоёр нь УИХ-ын гишүүдтэй хамаарал бүхий холбоотой нь шүүмжлэл дагуулсан юм. Тухайлбал Монгол Улсаас Бүгд Найрамдах Тува Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт консулаар сангийн сайд Ч. Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд, Монгол улсаас Хонгконгод суух бүрэн эрхт консулаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан нар томилогдсон юм. Тэгвэл дээрх хүмүүсийг мэдлэг туршлагад нь үндэслэн томилсон гэдгийг Гадаад харилцааны сайд онцолж байна.

Төрийн албыг төрлийн алба болгож байна гэх шүүмжлэл цахим орчинд хөврөх болсон. Гэхдээ хамаарал бүхий этгээд нь төрийн өндөр алба хашдаг гээд мэдлэг туршлагатай хүмүүсийг сонгохгүй байх нь учир дутагдалтайг Гадаад харилцааны сайд ийнхүү хэллээ. Дээрх асуудлаар холбогдох хүмүүсийн байр суурийг тодруулсан юм.

Үүнээс гадна дахин хэд хэдэн оронд суух элчин сайдуудыг томилох асуудал хүлээгдэж байгаа. Тиймээс элчин сайдуудыг нэн даруй засгийн газрын хуралдаанд танилцуулан томилох асуудалд онцгой анхаарна гэдгээ гадаад харилцааны сайд онцолсон юм.