Засгийн газар

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон иргэдийг орон сууцжуулах ажлыг хариуцаж буй холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Бүгд найрамдах Сингапур улсад ажиллажээ.

Монгол Улсад өнөөдөр тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал бол утаа, агаарын бохирдол, эдгээрийн суурь шалтгаан болсон гэр хороолол, цаашлаад суурин газруудаа орон сууцжуулах явдал. Өөрөөр хэлбэл хүн бүрийн хэрэгцээ, шаардлагыг хангасан ухаалаг хот сууринг төлөвлөж, орон сууцаар иргэдээ хүртээмжтэй хангах, чинээлэг дундаж давхаргыг бий болгох төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг боловсруулахаар Засгийн газар ажиллаж байна.

Тиймээс Сингапур шиг хөгжилтэй орнуудын туулж өнгөрүүлсэн сайн туршлагыг судлан энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогод тусгуулах нь ихээхэн ач холбогдолтой. 

Сингапур бол арлын жижигхэн хот улс. Хүн амынхаа 84 хувийг төрийн тогтвортой  бодлогоор буюу Орон сууц, хөгжлийн зөвлөлөөрөө дамжуулж орон сууцжуулж чадсан, эдгээрийн 94 хувь нь орон сууцаа моргейжийн зээлээр өмчилж авсан, үлдсэн 6 хувийг нь түрээсийн орон сууцанд хамруулсан гэдэг үзүүлэлтээрээ эдүгээ дэлхийд хамгийн шилдэгт тооцогдож буй. Ялангуяа манай улс шиг гэр хорооллоо багасгах, үүгээр дамжуулж утаа, орчны бохирдлоо бууруулах, өрхийн болон хувийн санхүүгээ хэрхэн зөв удирдах вэ гэдэг мэдлэгийг иргэддээ хамгийн хялбараар ойлгуулах чухал шаардлагатай байгаа ийм эгзэгтэй үед тус улсын туулж өнгөрүүлсэн бодит жишээ бидний хувьд чухал юм.

Сингапурын орон сууцжуулах хөтөлбөрийн загвар, газар чөлөөлөлт, хотхон төлөвлөлт, барилгын ажил, менежмент ба засвар үйлчилгээ, санхүүгийн схем, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин зэрэгтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан төлөөлөгчид газар дээр нь дэлгэрэнгүй танилцсан юм. Монгол Улсад орон сууцжуулалтыг хариуцаж гүйцэтгэдэг төрийн яам, агентлагуудын удирдагууд нэг бүрэлдэхүүнд багтаж тус улсаас туршлага судалсан бараг анхны тохиолдол байв. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэл тус тусдаа явж ирсэн яам, агентлагуудын бодлого, эрх зүйн зохицуулалтуудыг тал бүрээс нь тус улстай харьцуулах байдлаар дүгнэж, нэгдсэн ойлголтонд хүрсэн нь гол үр дүн байлаа. 

Сингапурын иргэд нь цалин болон бусад орлогоосоо сар бүр Тэтгэврийн сан, Эрүүл мэндийн сан, Хуримтлалын сан гэсэн 3 санд төвлөрүүлж байгаа хуримтлалаасаа орон сууцны зээлийн урьдчилгаа, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулж болдог санхүүгийн схемийг хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсэн байна. Гэхдээ Тэтгэврийн санд төвлөрүүлсэн хуримтлалаа тэтгэвэрт гарах хүртлээ зарцуулах эрхгүй, харин Эрүүл мэндийн сан, Хуримтлалын санд төвлөрүүлсэн хуримтлалаа буцаагаад өөртөө зарцууулж болдог. Иргэд нь сар бүр цалин, орлогынхоо 37 хувийг дээрх 3 санд хувааж хуримтлуулдаг. Үүний 20 хувийг өөрөө, 17 хувийг нь ажил олгогчоос төлдөг байна. Өөрөөр хэлбэл авч буй цалингийнх нь 80 хувь өөрт нь сар бүр үлдэнэ. Хуримтлалын санд төлсөн мөнгөн дүнгээ тухайн иргэн байнга хянадаг, орон сууц авахдаа ч юм уу захиран зарцуулах эрх нь нээлттэй гэсэн үг. Энэхүү санхүүгийн схемийг тус улс үе шаттай боловсронгуй болгосоор өнөөдрийн үр дүнд хүрчээ. Үүнээс гадна орон сууц худалдах, худалдаж авах, өмчлүүлэх, түрээслүүлэх бүхий л үйл явц нь төрийн байгууллагуудаар дамжиж хэрэгждэг бөгөөд иргэддээ нэг удаагийн буцалтгүй тусламж, олон төрлийн хөнгөлөлтийг төрөөс нь олгож байна. Хамгийн гол нь энэ бүхнийг зөвхөн төр дангаараа хийхгүй бөгөөд иргэдийнх нь дэмжлэг, оролцоо их чухал гэнэ. Тийм учраас урт настай, төрийн нэгдсэн том хөтөлбөр болон хэрэгжиж байна.