Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал 3-6-ны өдрүүдэд болох юм. Айлчлал орон нутгийн цагаар 10 цагт Внуково нисэх онгоцны буудлаас эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд болоод бусад албаны төлөөлөгчдийг ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И. К. Азизов болон ОХУ-ын гадаад харилцааны дэд сайд И. В. Моргулов болон бусад албаны төлөөлөгчид хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх “Газпром” компанийн тэргүүн А. Б. Миллерийг хүлээн авч уулзлаа. Үүний дараагаар хоёр улсын засгийн газрын тэргүүн нарын уулзалтаар айлчлал үргэлжиллээ. Энэхүү айлчлал нь хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа болж буйгаараа онцлог юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцоно. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Маргааш буюу энэ сарын 4-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм.