Засгийн газар

Монгол улсын засгийн газар тэтгэврийн зээл тэглэх хуулийн төсөл боловсруулж дууссан байна. Нийт тэтгэвэр авдаг ахмадуудын 90 гаруй хувь нь зургаан сая төгрөгөөс доош үнийн дүнтэй зээл авчээ. Гэхдээ үнийн дүнгээс үл хамаарч бүх зээлийг тэглэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин зээл аваагүй иргэдэд нөхөн олговор олгох асуудал яригдахгүй гэдгийг салбарын сайд онцоллоо. 

Тэтгэврийн зээлийг хэрхэн тэглэх асуудал эдгээр өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тэгвэл өнөөдөр засгийн газар хуулийн төсөл боловсруулж  УИХ-д өргөн барьсан юм. Ингэхдээ тэтгэврийн зээлийн хэмжээг их багаас нь үл хамааран нийтэд нь тэглэхээс гадна зээлгүй ахмадуудад нөхөн олговор олгохгүй байхаар төсөлд тусгажээ. Зээлтэй ахмадуудын 90.6 хувь нь зургаа хүртэлх сая төгрөгийн зээлтэй байгаа тул зургаагаас дээш зээлийн дүнг хувьчлан тэглэх асуудал засгийн газрын хуралдаан дээр хөндөгдсөн байна.

ЗЭЭЛИЙН ДҮНД ЯЛГАМЖ ТОГТООХГҮЙ НИЙТЭД НЬ ЧӨЛӨӨЛӨХӨӨР ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЛАА

Цаашид өндөр хүүтэй тэтгэврийн зээл олгох асуудлыг бүрэн зогсоохоор төв банкны удирдлагуудтай зөвшилцөн шийдвэрт хүрч байгааг салбарын сайд онцоллоо. Гэвч Ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг сар шинийн баярыг  тэтгэврийн зээлээр тэмдэглэдэг хүн цөөнгүй. Дан ганц баяр гэлтгүй тэтгэврийн зээлээр хүүхдийнхээ сургалтын төлбөр ахуй амьдралдаа нэмэр болдог хөгшчүүл ч байгаа юм. Тиймээс зээлийг зогсоох асуудал шүүмжлэл дагуулж байсан бол засгийн газар гурван сараар хүүгүй тэтгэврийн урьдчилгаа олгох асуудлыг судлахаар болжээ.

ЦААШИД ГУРВАН САРЫН ХУГАЦААТАЙ ТЭТГЭВРИЙН УРЬДЧИЛГААГ ХҮҮГҮЙ ОЛГОХ АСУУДЛЫГ СУДЛАНА

2019 оны 12-р сарын 31-ний байдлаар 224 мянган ахмад настан 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Үүнд 1-2 сая төгрөгийн зээлтэй 33,903 ахмад байгаа бол 5-6 сая төгрөгийн зээлтэй 22,174 ахмад байгаа гэнэ. Тэгвэл 10-15 сая төгрөгийн зээлтэй 10,822 ахмад байгаа бол 20 саяас дээш төгрөгийн зээлтэй 1,416 ахмад настан байна. Дээрх ахмадууд бүгд сар шинийн баяраас өмнө зээлээ тэглүүлэхээр болж байгаа. Энэ долоо хоногт УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ.