Засгийн газар

Монгол улсын засгийн газар 2020 оны эхнээс зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнд олон хүүхэдтэйгээс шалтгаалан тэтгэвэрт гарсан ээжүүд багтаж байна. Тэдний ажилласан жил бага байдаг учраас тэтгэврийн хэмжээ нь ч доогуур байсаар өнөөдрийг хүрчээ. Тийм учраас засгийн газар тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа юм.

1991-1994 оны хооронд олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг нас харгалзахгүйгээр тэтгэвэрт гаргасан байдаг. Тухайн үед тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн тэтгэвэр өндөр тогтоогоогүй байдаг юм. Тэгвэл үүнийг энэ сарын нэгнээс эхлэн дундаж хэмжээнд хүргэхээр хууль баталсан байна. 18200 эмэгтэй энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хуучин авдаг байсан тэтгэвэр дээрээ 50 мянган төгрөг нэмж авахаар болж байгаа юм.

1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгааг албаныхан хэлж байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг энэ сараас эхлэн нэмээд байгаа юм.